Өнгөрсөн долоо хоногт бойкот зарлаж байгаагаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гишүүд дөнгөж сая чуулганы хуралдаанд орлоо. Энэ талаар Ж.Батзандан мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын дарга чуулганаас зугтаад ирэхгүй байна. Өглөө ирц 60 хувьд хүрсэн. Гэтэл УИХ-ын дарга Засгийн газраа огцруулж чадахгүй болсон тул чуулганаа хаяад явлаа гэж ойлгож байна. Өнөөдөр гэнэт ухаан орсон юм шиг Ёс зүйн дэд хороог хуралдуулна гэж чуулганыг хууль бусаар хаалаа.
Өнгөрсөн хугацаанд дэд хороог хуралдуулах хүсэлт өчнөөн өгсөн ч одоо хүртэл хуралдуулаагүй мөртлөө өнөөдөр гэнэт ухаан орчихлоо. Бид М.Энхболд даргыг хайгаад олохгүй байна. Монголын ард түмнээсээ УИХ-ын даргыг эрэн сурвалжилж олж өгөхийг хүсч байна. Манай намын зарим нөхөд тодруулбал бүлгийн дарга М.Энхболдыг хамгаална гээд явж байна. Эрдэнэтийг тойрсон бүлэглэл нэгдэж Засгийн газар руу дайрч байна.
Том бүлэглэл, том хулгайч нарыг хаацайлах гэж ЖДҮ-г гаргаж ирж байна. Би Засгийн газартай харижцлага тооцохыг буруу гэж бодохгүй байгаа. Гэхдээ бүлэглэлүүд нийлээд том хулгайч нар нийлээд ЖДҮ-гээр далимдуулж Засгийн газар луу дайрч байгаад дургүй хүрч байгаа" гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (10)