Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Чили Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Луис Шмидт Монтес-ийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тэрбээр Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардан авч Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Монгол, Чилийн харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгааг тэмдэглэж, хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Монгол Улсад Элчин сайдаар ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Элчин сайд хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Монгол, Чили нь уул уурхай зонхилсон эдийн засагтай орнуудын хувьд энэ салбарын хамтын ажиллагаанд анхаарал тавьж ажиллахаа хэлсэн юм. Мөн Монголын зах зээлд Чилийн жимс зэрэг эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг нийлүүлэх арга замыг эрэлхийлж ажиллах болно гэв.
Манай хоёр орон 1971 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг ойрын үед хүчин төгөлдөр болгохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам