УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч байнгын хорооны гишүүд картаа сугалж гарснаас хэлэлцэх асуудлыг түр хойшлууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны ирц бүрдсэн ч тус хуралд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нараас өөр гишүүн суусангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Байнгын хорооны хуралдаанд гуравхан гишүүн сууна гэж байхгүй. Байнгын хорооны дарга ирцээ бүрдүүл" хэмээн хэлээд картаа сугалж, танхимаас гарч явсан юм.
Тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байгаа болохоор гишүүд хуралдаандаа суусангүй. Байнгын хорооны гишүүд байхгүй, хоёрхон гишүүн байна. Тиймээс хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа” гэв.
Р.Хишигжаргал