УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018-11-27) хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 уг саналыг дэмжлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүнтэй ч өнөөдрийн хуралдаан 16 гишүүн оролцсон билээ. Байнгын хорооны хуралдааны протоколыг хүргэе.
Байнгын хорооны хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах үндэслэлээ Д.Хаянхярваа гишүүн танилцууллаа. Тэрбээр “Гишүүдийн зүгээс ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд зээл авсан, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцоогүй, иргэдийг жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулсан, оффшор бүст нуун дарагдуулсан хөрөнгийг Монголд эгүүлэн авч ирэх чиглэлд анхаарч ажиллаагүй. Мөн гадаад гүрний тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул учруулсан, эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, Монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом суларсан зэрэг нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон” гэв.
Үүний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ.Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Д.Хаянхярваа гишүүн хууль зөрчсөн, үндэслэлгүй тайлбар, нотолгоогоор Засгийн газрыг огцруулах гэж оролдож байна. Энэ дундаас ганц жишээ дурдахад Улс орны язгуур эрх ашигт харшилсан зүйл ярьж байна. Туркийн талаас ттохиролцож хүн хулгайлсан хэмээн үндэслэлгүй, улс орны харилцаанд сөргөөр нөлөөлөхөөрзүйл ярьж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж харж байна. Энд НҮБ-ын Хүний эрхийн комиссоос Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлахыг оролдсон асуудлыг шуурхай зогсоосонд баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газарт албан тоот ирүүлсэн. Гэтэл үүнийг буруу ташаа мэдээлж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож буй нь буруу. Энэ хэргийг Улсын ерөнхий прокурор шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй. ЖДҮХС-ийн зээлийн журмыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 138 дугаар тогтоолоор үүнийг баталсан. Энэ сонгон шалгаруулах журмыг. УИХ, Засгийн газраас хууль өргөн барьж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ЖДҮХС-ийн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Засгийн газар баталж байсныг 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуулиар оруулж батлуулсан байна. Энэ бүхэн энэ зөрчлийн үндэс суурь болсон байна. Энэ үндэслэлийг хууль хяналтын байгууллага шалгаж ямар асуудал яаж явсан, Засгийн газрын төсөв мөнгийг оруулахгүй шалгалтыг оруулаад 2015-2017 оны ЖДҮДС-г шалгаад 214.2 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж үүнийг сайжруулах эрс өөрчлөх шийдвэрийг гаргасан. Шилэн ил тод болгох шийдвэрийг гаргасан” хэмээв.
Ж.Эрдэнэбат “ЖДҮ-ийн журамтай холбоотой асуудлыг Г.Занданшатар гишүүн та 2015 онд хэвлэгдсэн гарын авлага гэдэг номыг олоод уншаарай. Ж.Эрдэнэбат гэдэг хүн хоёр тэрбум төгрөг олгосон юм уу, зээлийн хүүг гурван хувь болгосон юм уу гэдгийг. Энэ анхнаасаа байсан асуудал. Зөвхөн арилжааны банкаар яваад ЖДҮ-лэгч нарт очиж байгаа зээл нь багахан үйл ажиллагаа явуулж байгаа бол тэр зардлыг хүүн дээр нь нэмж авдаг. Ийм л байдалтай байсан. Үүнийг миний бие болиулсан. ЖДҮ сайд нь гарын үсэг зураад явж болж байгаа зүйлийг заавал банкаар дамжуулж банкны хүү нэмэгдсэн хэлбэрээр ЖДҮ-лэгч нарт зээл очих шаардлагагүй гэж үзсэн. Энэ журмыг манай Засгийн газар өөрчилсөн нь үнэн. Тэгэхдээ үүнийг өөрчлөхдөө ЖДҮ-лэгч нарт зээл олгохоор явсан биш эрх мэдэл албан тушаал бүхий Засгийн газрын гишүүдэд ижил тэнцүү хэмжээгээр 950 сая төгрөгөөр олгоорой гэж энэ журмыг өөрчлөөгүй шүү Г.Занданшатар сайд аа! Үүнийг та мэдэж, ойлгож ярих хэрэгтэй.
Д.Хаянхярваа “Туркийн асуудлыг ярьж байх шиг байна. Өнөөдрийг хүртэл тэр талаар Засгийн газар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Энэ бол үнэн. Хэрвээ үнэхээр мэдэж байсан бол тэр онгоц яагаад ирсэн мю бэ. Онгоцны зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ. Үүнд яагаад хариулт өгөхгүй байгаа юм бэ. Тэгээд Туркийн тал Монголын Засгийн газрт зөвшилцсөн гэдэг юм явсаар байтал өнөөдрийг хүртэл яагаад хариулт өгөөгүй юм бэ. Хэрвээ та нар үнэхээр зөвшилцөөгүй бол Туркийн тал бүдүүлгээр манай хилийг зөрчөөд, бүхэл бүтэн тусгай үүргийн онгоц ирчхээд байхад мэдээгүй байна гэдэг энэ өөрөө та нарын ажлын хариуцлага биш үү гэж та нараас сөргүүлж асуумаар байна.
Г.Занданшатар “Энэ асуудлаар Засгийн газар байр сууриа илэрхийлсэн. Тусгай үүргийн онгоц ирж, явж байдаг хэвийн үзэгдэл. Энэ талаар зөндөө мэдээлэл өгсөн. Энэ талаар сонсоогүйд харамсаж байна. Туркийн талаас тэгж мэдэгдэл хийгээгүй. Ингэж бүхэл бүтэн улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх зүйл ярьж болохгүй. Энэ хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газар шалгагдаж хянагдаж байгаа учраас шалгаж байгаа хэргийн талаар аливаа байгууллага, этгээд мэдэгдэл тайлбар хийгээд байх нь зохимжгүй. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдоно. Энэ улсын маш нууцад хамаарах хэрэг учраас би дэлгэрэнгүй ярих эрх ч байхгүй. Харин үзээд шалгаад өөрөө та ийм буруу үйлдэл хийсний төлөө энэ яриа чинь улс орны эрх ашигт хохирол учруулж байгаа учир та хуулийн хариуцлага хүлээх болно шүү.
Д.Хаянхярваа “Ерөнхий сайдаас асууя. Тэр хүн хулгай хийх гэж оролдсон оролдлого нь худлаа юм уу?
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Д.Хаянхярваа гишүүний тавьж байгаа асуултад хариулъя. Монгол Улс ийм үйлдэл хийснийг эсэргүүцэж зогсоосон. Би нүүр бардам хэлье. Би тэр шөнө унталгүй Вашингтонд ажилласан. Мэдээж энд ярих ярихгүй олон зүйл бий. Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргасан. Монгол Улсын Гадаад харилцааны яам бол олон улсын түвшинд Монгол Улсыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь. Үүнийг Ерөнхий сайдтай байр сууриа нэгтгэлгүй мэдэгдэл гадаад яам гаргадаггүй. Онгоц ирсэн тухайд харин ирсэн зорилгоосоо өөр зүйл зорьж ирсэн байвал олон улсын хуулийг нөгөө тал зөрчиж байгаа хэрэг. Дипломат шуудан авчирна гээд нисээд буугаад ороод ирсэн бол манай гадаад яам энд зөвшөөрлийг нь өгдөг. Маш олон газар дипломат шуудангаа ингэж татаж байгаа. янз бүрийн аргаар бид түүнийг нь зөвшөөрдөг. Харин тэр нь өөр зорилготой байсан бол энд нь бид эсэргүүцэл илэрхийлдэг. Тэгэхээр манайд яг тэр шөнө гарсан мэдэгдлийг аваад үзээрэй. Тэнд маш тодорхой заасан байгаа “Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн байх тохиолдолд бид хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэдгийг. Үүнийг үгээрээ ч албан бичгээрээ ч Монгол Улс гаргаж тийм үйлдлийг таслан зогсоосон. Энэ бол баримттай байж байгаа. Тэгээд Вашингтонд байж байгаад нэг дэх өдөр Энэтхэг Номхон далайн санаачлагаа АНУ-с зарлах гээд төрийн нарийн бичгийн дарга нь “Монголыг онцгойлон цохон тэмдэглэнэ. Гадаад хэргийн сайд нь байж байгаач гэсэн хүсэлт байхад ийм ноцтой нөхцөл гарсан учраас тэр айлчлалыг тэр дор нь таслаад маргааш өдөр нь би Улаанбаатарт буусан. Туркийн талтай энэ дээр маш хатуу яриа хийсэн. Энэ нь ярианы тэмдэглэлтэйгээ байж байгаа.
О.Баасанхүү “Би Ерөнхий сайдаас асууя. Энэ зурагт харж байхад та өөрийн агентлагийн нэлээд олон хүмүүсээ ЖДҮ авсан гээд халчих шиг болно лээ. Тухайлбал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Бат-Эрдэнэ зэрэг хүмүүсийг. Тэгэхээр тэр хүмүүс шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад та халж чаддаг, хариуцлага үүрүүлж чаддаг тэгсэн хэрнээ сайдуудаа оруулаад ирээч, Я.Содбаатар ч гэдэг юм уу. Яадаж Засгийн газраа цэвэр байлгахын тулд оруулаад ирээч гэхээр яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ. Тэгэхээр тэр маань өнөөдөр гэм буруутай, гэм буруугүйг тогтоож чадахгүй гэсэн үг үү. Хоёрдугаарт төсвийн хориг дээр М.Энхболд даргад гомдоод байгаа юм уу эсвэл УИХ-ийг айлгах гээд байгаа юм уу эсвэл энэ төсөв чинь та нарт хэрэггүй байсан юм уу. Өөрөөр хэлбэл сангийн сайдыг нь дуудаад орж ирдэггүй. Ерөнхий сайдыг дуудаад орж ирдэггүй. Сайдууд нь байдаггүй. Сүүлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч нь ухаалаг, уужуу тайван загнаж “Төсвийн хуулийг чинь бүхэлд нь хүчингүй болгохоо түр болъё оо, 500 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуй дээр оруулчих” гэж хэлж байж парламент зөвшилцлөөр үүнийг тогтоох шиг боллоо. Тэгээгүй бол тэр төсвийн чинь хуулийг та нарын оруулж ирсэн юмыг бид нар тайлбарлах гэж та нарын өмнөөс бид Ерөнхийлөгчтэй ярих гэж бөөн юм боллоо. Та яагаад орж ирээгүй юм бэ. Дээрээс нь Засгийн газрын цаг дээр валютын асуудал гэдэг юм уу янз бүрийн юм яръя гэхээр бас орж ирдэггүй. Та парламентыг үл үгүйсгээд байгаа юм биш үү. Парламент гэхээр 76 хулгайг ч байна гэж ойлгоод байгаа юм биш үү. Би хулгайч биш. Тодорхой хулгайч нарын тухай ярьж байгаа бол та тэр хулгай хийсэн хүмүүсээ хууль хяналтын байгууллагад өгсөн үү. Одоо маф гээд их л олон айхтар юм сонсогдоод байна. Тэрийгээ хууль хяналтын байгууллагад өгөөд тогтоогдох уу, тогтоож байна, үүнийг шалгуулах гэсэн шалгахгүй байна гээд янз бүрийн зүйл байгаа бол та надад хэл. Тэгвэл тэр хуулийн байгууллага дээр очоод яримаар байна л даа. Тагнуултай цагдаатай өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажлын бүхэл бүтэн системтэй байгаа. сүүлийн үед надад хүртэл айдас төрж байгаа. Юу вэ гэх юм бол хаана, хэнээс, ямар шантааж орж ирэх гээд байгаа юм бол гэсэн маягтай. Энэ төрийг айдсаар барихгүй ээ, хуультай бол хуультай УИХ-ын дарга огцрох уу огцрохгүй юу гэдгийг хуулиараа шийдэх ёстой. Би огцрох ёстой гэдэгт хатуу байгаа. Гэхдээ өнөөдөр УИХ-ын дарга та хоёрын хэрүүлээс болоод Монголын парламентыг та яагаад хүчгүйдүүлээд байсан юм бэ. Энэ дээр та тодорхой тайлбар өгөөч. Ялангуяа Засгийн газрын цаг дээр орж ирдэггүй, төсөв ярихаар ору ирдэггүй, тодорхой сайдуудад хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Монгол Улсыг бүтэн 0 цэг дээр цахилгаан тасалдахад сайдад ямар хариуцлага үүрүүлсэн бэ. Мартсанаас та утаатай тэмцсэнгүй гэж хотын даргыг огцруулсан шиг ээ утаатай тэмцэхгүй байгаа БОАЖ-ын сайдад яагаад хариуцлага үүрүүлэхгүй байгаа юм бэ. Энэ мэтчилэн яриад байж болохоор байна. Тиймээс та энд тодорхой хариулт өгөөч. Яагаад тодорхой сайдуудаа оруулж ирэхгүйгээр эсвэл өөрөө огцоръё үгүй бол тэр сайдуудтайгаа хамт байя гэсэн ийм ганцхан сонголтыг хийгээд байгаа юм бэ. Зарим нэг сайдуудыг огцруулахыг зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу. Зөв бол яагаад огцруулахгүй байгаа юм бэ гэдэг дээр тайлбар өгөөч.
Г.Занданшатар “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай. Энэ хүмүүс бол өөрсдөө ёсзүйн хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдье гэж өргөдлөө өгсөн учраас өөрсдийн өргөдөл хүсэлтийн дагуу, хоёр хүнийг чөлөөлсөн. Төсвийн асуудлаар Ч.Хүрэлбаатар сайд хариулна. Ер нь аливаа асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх нь шүүхээр хууль хяналтын байгууллагаар тогтоогддог болохоос биш УИХ бол шүүхийн, хууль хяналтын байгууллагын үүргийг гүйцэтгэж яллаад, цагаатгаад сууж байдаг газар биш. Төсөв гээд яриад байна. Төсвийг УИХ хориг буруу байна гээд хоригийг хүлээж аваагүй. Энд огцруулах үндэслэл нь улсын төсөвгүй болох аюул учирлаа гээд өнгөрсөн цаг дээр бичигдсэн зүйл. Үүний хариуцлагыг хүлээ гэсэн байгаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ огцруулах асуудлын дөрөвдүгээрт бичсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч аж үйлдвэрийн комбинатыг санхүүжүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа тавьсаар байтал Засгийн газар төсвөө өргөхдөө оруулаагүй гэж. Энэ бол үндэслэлгүй, худлаа мэдээлэл. Яагаад гэвэл төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч найм дугаар сарын 15-наас өмнө Засгийн газарт саналаа ирүүлдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газраас наймдугаар сарын 14-нд албан бичгээр саналаа ирүүлсэн. Энэ санал дотор аж үйлдвэрийн комбинат байгуулах санал ирээгүй. Төсөв боловсруулж байх явцад бас ирээгүй. Тиймээс Засгийн газар өөрийн саналууд дээр үндэслэж төсвийг өргөн барьсан. Энд буруу ташаа мэдээлэл яваад байгааг онцгойлон хэлмээр байна. Энэ хориг бол өөрөөр хэлбэл Засгийн газар өргөн мэдүүлээгүй байсан асуудалтай холбоотойгоор санал тавигдсан. Үүнийг төсвийн байнгын хороонд ярьсан. Тэгээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өөрийнх нь хийж байсан мэдэгдэл хэвлэлийхэнд өгч байсан ярилцлагад юу гэж байсан бэ гэхээр ажлын хэсэгт бид бүх зүйлээ яриад тохирчихсон байгаа гэдэг мэдээллийг өгч байсан. Хоёрдугаарт Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ирээгүй гэж хэлж байна. Би очсон. Тэгэхэд надад үг өгөөч гэхэд үг өгөхгүйгээр Төсвийн байнгын хороо хуралдаж байгаа юм. Ийм юм би амьдралдаа үзээгүй. Төсвийн байнгын хорооны даргыг нь хоёр ч удаа хийж байсан сайдыг нь ч хийж байсан. Тэгээд микрофон хүсээд байхад микрофон өгөхгүй байна гэж юу байдаг юм бэ. Ингэж ийм мэдээлэл өгч болохгүй. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй шүү дээ. Тиймээс үүнийг УИХ-д энэ үйл ажиллагааг харж үзэх ёстой шүү.
О.Баасанхүү “Тэгэхээр Төсвийн байнгын хороо таныг гомдоосон учраас та УИХ-д орж ирээгүй гэж ойлголоо зөв үү Ч.Хүрэлбаатар сайд аа. Би та нарын санаачилсан хуулийг Ерөнхийлөгчийн өмнө хариулах биш та хариулаад тайлбарлах ёстой байсан. Таниас асуумаар юм байсан хэчнээн олон удаа дуудаж, гуйв. Яагаад энд орж ирэхгүй төсвийн байнгын хороо намайг гомдоосон болохоор, микрофон өгөөгүй болохоор би орж ирээгүй гэсэн утгатай тайлбар хийлээ. Энэ үнэн үү. Энэ чинь таны яриад байгаа үндэслэл мөн үү. Үүнд тодорхой хариулт өгөөч. Хоёрдугаарт ЖДҮ-ийн зээлийг өнөөдөр ёсзүйн хариуцлагыг эхлээд үүрүүл хуулийн байгууллага шийднэ гэж би ойлголоо. Тэгэхээр гэмт хэрэгтэй хүмүүсийг нь хална, гэмт хэрэггүй бол тэд ЖДҮ-ийн зээл авч байгаа нь зөв гэж ойлгож болох уу.
Ч.Хүрэлбаатар “УИХ-ын чуулган дээр орж ирээгүй гэж байна. Юуны өмнө болсон процессыг ярья. Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын дарга гарын үсэг зурсан. Гарын үсэг зурчаад түүнийгээ өөрөө хүлээж авсан. Уг нь ашиг сонирхлын зөрчлийн хуулиар УИХ-ын дарга УИХ-ын үйл ажиллагааг тэгш, жигд хандаж явуулах учиртай. Өөрөө огцруулах бичгээ хүлээж авч байгаа нь ашиг сонирхлын хуулийг зөрчиж байна гээд 30 гаруй гишүүд УИХ-ын чуулганд суухгүй гэдэг бичгийг өгсөн байсан. Би гарын үсэг зурчхаад чуулганы хуралдаанд гүйж орох боломжгүй байсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би хоёр алба хашдаг. Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын дарга. Би намын даргын хувиар хариулъя. ЖДҮ-тэй холбогдсон УИХ-ын гишүүн, сайд нар болон бусад албан хаагч нартай хариуцлага тооцож байгаа. Зарим хүмүүстэй цаашид ч хариуцлага тооцно. Намын даргад хоёрхон эрх мэдэл байгаа юм. Би ёс зүйн алдаа гаргасан байна, ард түмнээс уучлал гуй. Авсан зээлээ маш яаралтай буцааж төл гэсэн хоёр шаардлагыг тавьсан.Авсан зээлүүд нь цаг хугацаандаа төлөгдөж дуусч байх шиг байна. ЖДҮ-эрхлэгчиддээ хүрэх ёстой хуваарилалтыг нь хийж хэрэгжүүлэх ёстой гэдгийг хэлэхийг хүсч байна. хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Үнэхээр гэм буруутай нь тогтоогдвол тэр сайдуудтай хариуцлага тооцно. Тооцсоор ч ирсэн. Хүний амь настай холбоотой асуудал гарсан. Ажлын байранд архидан согтуурч бие биенийхээ амь насанд хүрсэн асуудал тэр сайдын Ж.Бат-Эрдэнэ гэдэг сайдыг ажлаас нь өөрчилсөн. ХХААХҮ-ийн Б.Батзоригийг хариуцлагыг ажилласан учраас ажлаас нь чөлөөлсөн. Цаашид энэ хариуцлагын ажил явагдана. Ерөнхий сайдад ярих юм байна бас ярихгүй юм гэж байна. Хэрвээ Туркийн асуудалтай холбоотой асуудлын нарийн ширийн юм ярихаар бол хаалттай хурал хийж холбогдох хүчний байгууллагын хүмүүсийг байлцуулж байгаад та бүхэнд нарийн мэдээлэл өгч болно. Энэ улс хоорондын асуудал учраас энэ удаа хариулахыг хүсэхгүй байна.
С.Бямбацогт “Ард түмнийхээ итгэлийг даана гэж ярьж байсан бол жилийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. Асуудалд авах гээхийн ухаанаар хандаж, алдаагаа засаж, амжилтаа тодотгоосой гэж үзсэн. Гэвч бүлэг дотроо, намдаа, Удирдах зөвлөл дээрээ ярилцаад ойлголцъё гэсэн боловч чадалгүй 27 гишүүн гарын үсэг зурсан. Алдаагаа засахгүй юм байна. Үл ойлголцол нь үзэн ядалт болчихлоо. 64 суудалтай намын дарга та МАН олонх болж орон нутагт ч эрх барьж байна. Та энэ бүхэнд илүү ач холбогдол өгч санаа зовж байна. 27 гишүүн кноп дарвал намаасаа хөөнө гээд явах юм бол ойлголцохгүй. УИХ, Засгийн газар, нам, төр бүгд муухай харагдаж байна. Нэг хэсэг нь сайхан нөгөө хэсэг нь муухай харагдаж байгаа юм биш. Муухай харагдаж байгаа бүлгийн толгойлогч нь та. Энэ бүхнийг шийдлийг та гаргах ёстой. Уужуу хандаж, тодорхой хариулт өгөөч.
У.Хүрэлсүх “Мэдээж алдаа оноотой, засаж сайжруулах зүйл бий. ЖДҮ-тэй холбоотой асуудал гарч ирсэн нь ч болж гэж би бодож байна. Хүмүүст сануулга өглөө. Ард түмэн харааж зүхэж байгаа ч гэсэн Монголд төрд хэрэгтэй зүйл боллоо. Хулгай хийж, хумсалж болохгүй юм байна. Дарга хүн иргэн хүн гэж бодож болохгүй бусдаас арай дутуу байх ёстой юм байна гэж бодогдуулсан байх. Хэн нэгнийг ялж байна гэж биш ухаарал хайрлаж байна гэж бодож байна.
Засаж залруул гэдгийг хүлээн авч байна. Засаж залруулна, гэхдээ зарим нэг хүнтэй хатуу хариуцлага тооцно гэдгээ дахин сануулъя. Нөхөр Я.Содбаатар гэж хүнийг яриад байна. Энэ хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, шалгагдаад гараад ирвэл хариуцлага тооцно. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Төрөө ч намаа ч цэвэрлэх цаг болсон юм байна. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэж үг бий. Одоо л зориг гаргахгүй бол цаг нь оройтох юм байна. Одоо цаг нь болсон. Үүнээс цааш цаг гэж байхгүй. Төрийн байгуулалтын хорооны хурал дээр анхааруулаад хэлчихье.
О.Баасанхүү “Хариуцлага тооцъё гэдэг Ерөнхий сайдын үгэнд баярлаж байна. Хариуцлага тооцох гэсэн болохгүй байна гэж байсан, бодвол хууль хяналтын байгууллага үгэнд нь орохгүй байна гэж байсан. Яг хэн нь юу гэж хэлээд үгэнд нь орохгүй байгаа юм. Нэг л бүрхэг юм яриад байх юм. Сошиалаар л ална, хядна гээд л аймшигтай юм яриад байх юм.
Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Батзориг гээд асуудалтай хүмүүсийг нь огцруул гэсэн. Ч.Хүрэлбаатар сайд их хариуцлагагүй юм ярьж байна. Сайд нь гомдоод чуулганд оролцоогүй юм байна. Танай намын хэрүүл төрийн хэрүүл болж, танай намын зодоон төрийн зодоон болж жирийн ажлаа хийгээд явж байгаа мань мэтийг ажил хийлгэхгүй байна. Танай намын сүржин мэдэгдэлтэй даржин үйл ажиллагаа чинь таалагдахгүй байна. 65 суудал өгсөн 60 тэрбумыг ярьсаар байгаад 2 жил өнгөрлөө. Сайн нөхрийн эхнэр дарга байх ёстой юм уу. Танай намын эхнэр, нөхөр, нууц амрагаар хамаг дарга нарын суудал дүүрлээ. Танай намд боловсон хүчин гэж байдаггүй юм уу. 20 настай дарга байна. Энэ бүхэн чинь 60 тэрбум юм биш үү. Та хувьсгалд уриалсан. Хувьсгал чинь 1920 онд дууссан. Одоо өөрчлөлт хий. Таныг намын ажлаа хийхэд чөлөө олгоё.
Г.Занданшатар “Сураг, ховоор ажил явуулдгаа болимоор байна. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь дан сургаар байна. Ганц бензин шатахууны үнийн өсөлтийн асуудал л үндэслэлтэй байна. Гэхдээ дан ганц бидний ажлаас шалтгаалж валютын ханш, шатахууны өсөлтийг шийдчихдэг бол Засгийн газар огцроход бэлэн байна. Бид үүнийг хянах бололцоогүй. Асар их мөнгөөр үнэ тогтворжуулдаг ажлыг хийхгүй л гэж байгаа юм. Засгийн газар огцроод АНУ, Сирийн дайныг зогсоочихдог бол болж байна. Монгол төгрөг юань, рублийн эсрэг чангарсан байна.
С.Мөнх-Оргил “Намын ажил яриагүй. Бид төрийн түшээ, төрийнхөө ажлыг ярьж байна. УИХ Засгийн газрыг томилдог, шаардлагатай үед нь хариуцлага тооцдог. Г.Занданшатар сайд аа тооцоо судалгаагүй юм яриагүй шүү. Хамт сууж байгаа сайд, намын нарийн бичгийн даргадаа тэрбум тэрбумаар нь зээл өгсөн чинь сураг юм уу.
У.Хүрэлсүх сайд та нартай хариуцлага тооцно гээд байдаг тэгсэн хэр нь өөрийнхөө кабинетын гишүүдэд хариуцлага тооцохгүй байгааг нь яриад байна. Хууль хяналтын байгууллагын ажлыг хийгээд хуулийн хариуцлага тооц гээгүй. Ёс зүйн хариуцлага хүлээлгэ л гээд байгаа юм. Эрх баригч нам шүү дээ, 65 суудал авахын төлөө хэн хэн яаж зүтгэсэн бэ гэдгийг мэдэж байгаа. Хариуцлага ярьж байгаа 27 гишүүн чинь нэг нэг суудал авсны хүчинд сайд болоод сууж байгаа шүү дээ. Ичмээр ч юм шиг, гутармаар ч юм шиг зүйл болж, Засгийн газар ажиллаж чадахгүй болсон тул Засгийн газар ч тэр УИХ ч тэр тар гээд байгаа юм. Ард түмэн чинь хэнд нь ямар дүн тавихыг харъя.
О.Содбилэг “Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан шалтгааныг гишүүд хэллээ. Манай намын мөрийн хөтөлбөрт ЖДҮХС багтсан. Бодитой, хэрэгтэй хүнд нь олгоно гэж бид танилцуулсан. Эрсдэлтэй байсныг нь сангийн сайд хэлээд байна шүү дээ. Тэгээд мэдээд байсан юм бол яагаад сайд нартаа тарааж байгаа юм. Энэ бол засгийн газар цаашид ажиллах ёс суртахууны асуудалтай гэж бид үзээд байгаа юм. ЖДҮ-ийн асуудал бол гишүүдэд маш их ханддаг. Төрөл бүрийн төсөл 5-10 сая төгрөг хүсээд иргэд ханддаг. Гэтэл үүнийг нь тэрбумаар нь гишүүд, сайд нар нь авчихдаг юм байна. Гарын үсэг зурсан 27 гишүүнийг янз бүрээр дуудаж, цоллож байна. 27 гишүүн суудал авч байж энэ Засгийн газрыг байгуулсан. Салбар хариуцсан сайд нар нь асуудал хэлэлцэхээр орж ирдэггүй.
Д.Хаянхярваа “Та нарын яриад байгаагаар бол Г.Занданшатар эдийн засгийн өсөлтийг хангаад сайхан болголоо гэж байх шиг байна. Ж.Эрдэнэбатын засгийн газар ажиллаж байхад буюу жилийн өмнө 1,4 хувьтай байсан. Харин огцроход 6 хувьтай байсан. Одоо 6,4 хувьтай байна. 0,4 хувийн л өсөлт байна шүү дээ. Тоо нь байна. Ерөнхий сайд аа намын бүлгийн хурал дээр ч хаана ч хэлдэг үгээ хэлж байна. Танд маш их дутагдал байна. Танд Ерөнхий сайд хийх чадамж алга. Хариуцлагын асуудал ярихад та хэзээ ч хүлээж авдаггүй.
Та энэ алдаагаа засахгүй бол цаашид багаар ажиллах, хүн удирдах чадамж танд алга байна. Юманд тооцоо судалгаатай хандаж чаддаггүй ганц л жишээ хэлье. Бага ярь, их хий гэж танай Засгийн газрыг байгуулагдахад хэлж байсан. Өнөөдрийг хүртэл эсрэгээр нь хийж байна. Бөөн ПР. Ажил, амьдрал мэдэхгүй, хүн хоорондын харилцаан дээр ажил явдаг гэдгийг мэддэггүй. Та цэргийн хүний захирагч, командалж хийдэг гэж бодож байгаа чинь эндүүрэл. Таны сэлэм тойрсон асуудал чинь хий жүжиг болж хувирлаа. Бүх рекламаа тэгж явуулна. Та сэлэмтэй байж болно, та ажил амьдралын ухаантай, хүмүүсийг эвлэрүүлэн нэгтгэдэг байх ёстой. Та харгис хэрцгий ажиллана гэж бодож байвал цаашдаа ч энэ ажилд тэнцэхгүй. Тиймээс би таныг огцруулна.
Н.Амарзаяа “Намын бүлгээ хоёр хагалж, Өмнөх засгийн газраас дордсон. Үйл ажиллагаа, үзэл бодол суртал нь дордсон, төрөөс хулгай л гарч байна. Эдийн засгийн бодлогын хувьд алдаатай, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй, салбар яамдын уялдаа холбоогүй, Сангийн сайдын удаа дараа алдаатай мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Төсөв батлах эрх бидэнд бий. Жинхэнэ эзэндээ хүрэхгүй байгаа нь Засгийн газрын асуудал. Засгийн газрын асуудал улс орон, нийт ард түмний нийтлэг эрх ашиг. Хууль бус ажиллагаа тогтвортой үйл ажиллагааны үндэс мөн үү.
Д.Эрдэнэбат “Гишүүдээс арай өөр зүйлийг сануулж, хэлэх гэсэн юм. АН Засгийн газрыг огцруулах зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Асуудал үүнээс дэндүү хол явчихсан гэдгийг олонхийн бүлэг санах цаг болсон. Төрийн ой санамжийг сануулмаар байна 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд тэр үеийн нийгмийн бухимдлыг дарах, Монгол Улсыг Ардчилсан улс болгохын тулд нийгмийн сэхээтнүүд орж ирж байсан. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх гуай улс төрийн товчоо тойрон хүрээлэгчдийг хал гэсэн саналаар өөрийнхөө саналаар огцорч байсан. Тэр үед төрийн хүний, ухаалаг хүний хийсэн маш оновчтой алхам байсан. Зөвхөн эрх мэдлийн төлөө, зарим зүйлээ нуухын төлөө, хэсэг бүлгээ хамгаалахын төлөө ийм байж болохгүй. Цахимаар явж буй зүйлс эзэн биегүй сүрдүүлэг, заналхийлэл байна. Төрийн ой санамжийг төрийн хүн заавал санаж байх ёстой гэж У.Хүрэлсүхэд хэлмээр байна. УИХ-д асуудал байгаа бол энэ олон жил төрийн албыг хашсан М.Энхболд ч үүнийг санаж байгаа байх. Нийгэмд үүсэж байгаа анархизм, социализмыг дэмжихгүй. Үнэмлэхүй олонхийн ардчиллын амин сүнсийг хэн нэгний хараанд ороосой гэж хүсэхгүй байна. Энэ талаасаа асуудалд хандвал яасан юм, ард түмнийг хуваахаа боливол яасан юм. Та бүхэн үүнийг хурдхан хийгээд өгөөч.
Н.Энхболд “С.Бямбацогт гишүүн хэлчхэв үү дээ “бид ч алиагаа алдаж байна аа” гээд. Би үүнтэй санал нэгдээд байна. Нуухаа авах гээд нүдээ сохлохтой адилхан зүйл болчихлоо. Улс орны хувьд ч тэр УИХ маань ч тэр эвгүй байдалд орчихлоо. Би уг нь их юм яръя гэж бодоогүй. Бид ийм олуулаа эрх барьж байж, өөрийнхөө Засгийн газрыг унагааж болохгүй гэсэн байр суурьтай байгаа учраас гарын үсэг зурахгүй байгаа юм.
Ж.Эрдэнэбат “27 гишүүний хувьд хэвлэл мэдээлэл, сошиалаар их дайралтад өртөж байна. У.Хүрэлсүх та Ерөнхий сайд болох үедээ надаас шударга бус зүйлийг битгий шаардаарай гэж хэлсэн. Та энэ үгийг хэнд зориулж хэлсэн юм бэ. Танд ерөөсөө мэдээллүүд буруу очоод байдаг юм уу. Хүрэлбаатар сайдын хэлж байгаагаас яг тэгж байгаа юм гэж ойлголоо. Валютын ханшийн өсөлт зөвхөн Монголбанкнаас шалтгаалдаггүй юм. Ийм юм мэдэхгүй сангийн сайдтайд чинь ичиж байна. Таны төлсөн гээд байгаа өрийг манай Засгийн газар бэлдэж өгөөд явсан шүү дээ. Таныг энэ талаар мэдээлж байхад би юм хэлээгүй. Төв цэвэрлэх байгууламжийн засвар, арван аймагт цахилгааны биш дулааны цахилгаан станц байгуулна шүү дээ, мэдээллээ зөв өгч бай л даа. Нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн асуудал АНУ-д очоод сайхан сайхан сэлфи хийгээд явна лээ. Хэлэлцээ хийгээд бэлэн болгож үлдээсэн нь Ч.Сайханбилэг, Манай засгийн газрын хийсэн асуудал шүү дээ.
У.Хүрэлсүх “Шүүмжлэлийг сонсоно оо. Өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, байдал хүндрэхээр болсон байна. М.Энхболд, Д.Хаянхярваа гэж хөдөөний, уучлаарай Дархан-Уул аймгаас ирсэн аймгийн дарга байсан нөхөр, С.Батболдыг огцруулъя гэж санал гаргаад өнөөдөр Засгийн газрыг огцруулах дээрээ тулчихлаа. Чи хов зөөдөг, ажлаа хийдэггүй, нас намбадаа байдаг хүн биш. Та нараас би айхгүй шүү, энд хулгайч, наймаачид сууж байгаа шүү. ЖДҮ сайн юм боллоо. Шалгалт оруулаад хоёр сар болж байна, цаашдаа ч олон юм илрэх байх. Өнөөдөр та нар сайхан харагдахгүй, шударга үнэний туйл болсон гэж бодож байна уу, би та нарыг мэднэ шүү дээ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. Намаа цэвэрлэх цаг болсон юм байна гэдгийг би бүр сайн ойлголоо. Энд байгаа зарим нөхөд МАН-ын нэрээс дэвших боломжгүй шүү гэдгийг би дахиад хэлчихье. Надад намын ард түмэн байна, ард түмэн байна. О.Содбилэг ээ нефтийн үйлдвэрийг битгий нураачих гээд бай. Би энэ байр суурь дээрээ хатуу зогсоно. Хуралдааны төгсгөлд дахин хэлчихье.
Үүний дараа Засгийн газрыг огцруулах санал хураалт явуулсан билээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (7)