МЭӨ 209 онд Хүннү гүрэн байгуулагдаж, түүнээс хойш 2227 жил өнгөрчээ. Харин Их Монгол Улс байгуулагдаад 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад 107 жил өнгөрчээ. Түүхийн энэ бүх цаг үеүдэд өвгөдийн минь халуун цус, бүлээн нулимс хий дэмий урсаагүй учир өнөөдөр бид туурга тусгаар Монгол Улсад ажиллаж амьдарч байна.
Арван нэгдүгээр сард тохиодог томоохон хоёр тэмдэглэлт өдөр бий. Нэг нь Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр, нөгөө нь Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр тус тус тохиодог Энэ өдрүүдэд хуульд заасны дагуу бүх нийтээрээ амардаг билээ.
Гэвч өнөө жилийн дүр зургаас харахад Ардчилсан нам Чингис хааны төрсөн өдрийг, Монгол ардын нам Тусгаар тогтнолын өдрийг өмчлөөд байх шиг.
Учир нь манай улсад 1990 оноос эхлэн ардчилсан нийгэм төлөвшсөн. Харин түүнээс өмнө бидэнд “Чингис хаан” гэх үгийг өвөр түрийндээ шивнэлдэхээс өөрийг хийж чаддаггүй байлаа. Хэлж, ярьсныг нь барьж аваад хорьчихдог байсан цаг. Харин ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш бүх зүйл нээлттэй болсон. Тийм утгаараа Ардчилсан нам энэ тэмдэглэлт өдрийг өмчлөөд байна уу даа гэх бодол төрөв. Харин өнөө жилийн Монгол бахархлын өдрөөр төрийн гурван өндөрлөг Эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор улс орондоо хийж бүтээсэн гавьяатнуудад шагнал гардуулан өгсөн билээ.
Түүнчлэн хэдэн зуун жилийн хар дарлалаас ангижирч тусгаар тогтнолоо зарлаж чадсан бас нэгэн түүхэн өдөр бол Тусгаар тогтнолын өдөр.
Тодруулбал, социализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 дугаар сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан байдаг.
Энэ өдрийг Монгол ардын намаас ихэд анхаарч үзэх шиг.
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулж, 800 сурагчын иргэний тангараг өргөх ёслол дээр үг хэлж, 16 нас хүрсэн хүүхдүүдэд урлаг соёлынхны хамтаар иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Мөн Үндэсний инновацыншилдэг бүтээлүүдэд шагнал гардуулан өгөв. Тэр ч бүү хэл төрийн ордонд 100 гаруй уртын дууч, морин хуурчдыг урин “Эртний сайхан”, “Төрийн дуулал” зэргийг эгшиглүүллээ. Харин Ерөнхийлөгч болон Ардчилсан намынхан чимээ сураггүй байсан юм.
Түүнчлэн Тусгаар тогтнолын өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн барилдаанд Монгол ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар ирж үзэж сонирхож, бөхчүүдийн бай шагналыг гардуулан өгсөн юм.
Аливаа улс орны хамгийн том баяр нь тусгаар улс болсны, эсвэл эзэн хааных нь төрсөн өдөр байдаг. Эдгээр баярууд бол манай улс орны хувьд хамгийн том баяр бөгөөд “Цагаан сар”, “Шинэ жил”, “Мартын 8”, “Цэргийн баяр” гэх зэрэг шальдар бульдар баяруудаас ч илүүтэйгээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх учиртай.
Харь орны дарлалаас эх орноо чөлөөлсөн бидний өвөг дээдэс цусаа, хөлсөө, нулимсаа урсган байж үлдээсэн энэ эх орныхоо бахархалт өдрүүдийг эв нэгдэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй. Гэвч АН,МАН-гүй баярыг минь өмчилж, бахархлыг минь үгүйсгэж байна уу даа гэх бодол төрнө. Ямартай ч эв нэгдлийн баяруудаа, эв түнжинтэй л тэмдэглэж байцгаая.
Л.Сайнаа