УИХ-ын гишүүн Л.Болд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан нарт ипотекийн зээлийн журмын төсөлд санал хүргүүлжээ.
Тэрээр, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чинлэл батлах тухай” Улсын Их Хурлын 2018 оны 37 дугаар тогтоолын хавсралтын 8.7-д “Гэр хороололд амины орон сууц барихад зориулж урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээл олгох” тухай заасны дагуу 2019 оны улсын төсөвт 115 тэрбум төгрөгийг баталсан. Үүнтэй холбогдуулан дараах гурван саналыг хүргүүлсэн байна. Тодруулбал,
“Нэгдүгээрт, гэр хорооллын айл, өрхийн 90 хувь нь инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй байна. Иймд нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бодитойгоор бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийг ижил тэгш боломж, нөхцөл бололцоогоор хангахын тулд журмын төслийн 2.3.2-д "инженерийн дэд бүтцийн шийдэлтэй байх” гэснийг “хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцийн шийдэлтэй байх” гэж өөрчлөх,
Хоёрдугаарт, гэр хорооллын айл өрхийн амины орон сууцны хэрэгцээ шаардлага, өрхийн дундаж орлогын төвшинг харгалзан үзэж орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хамрах хүрээ. хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд журмын төслийн 2.4-д “Зээлд хамрагдах амины орон сууцны нийт талбайн хэмжээ 160 м.кв-аас ихгүй байна" гэснийг “Зээлд хамрагдах амины орон сууцны нийт талбайн хэмжээ 120м.кв-аас ихгүй байна” гэж өөрчлөх, журмын төслийн 2.4.1-д “амины орон сууц барихаар зээл хүсэгчийн авч болох зээлийн дээд хэмжээг 60 сая төгрөгөөс ихгүй байна" гэснийг “амины орон сууц барихаар зээл хүсэгчийн авч болох зээлийн дээд хэмжээг 40 сая төгрөгөөс ихгүй байна” гэж тус тус өөрчлөх,
Гуравдугаарт, орон сууцны санхүүжилтийн зээлд хамрагдаж буй иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, зээлийн үндсэн төлбөр төлөлт болон зээлийн хүү төлөлтийн харьцааг багасгахын тулд журмын төслийн 4.1.3-д “зээлийн жилийн хүү 8 хувь" гэснийг “зээлийн жилийн хүү 3-5 хувь” гэж өөрчлөх гэсэн саналуудыг хүргүүлсэн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)