УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ярихдаа “Би яагаад энэ асуудалд холбоотой вэ гэхээр Авилгатай тэмцэх газар энэ асуудлыг шалгасан. Намайг дуудаж байцаалт авсан. Тухайн үед Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд санаачилж У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гүйцэтгэх ажлыг намайг зохион байгуулсан гэсэн. Үүний дагуу би дуудагдаж тодорхой тайлбар мэдээллийг өгсөн. Үүний дараа Тусгай хяналтын дэд хороонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, тухайн үеийн шадар сайд У.Хүрэлсүх миний бие Тагнуулын ерөнхий газрын дарга, Авилгатай тэмцэх газрын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тусгай хяналтын дэд хорооны гишүүд байлцаж байгаад Төрийн ордны В зааланд хаалттай хурал хийсэн. Энд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс тавьсан “Үнэн зөвийг тогтоолгоё гэсэн албан бичгийн дагуу шалгасан тухайн гурван байгууллага тайлбар мэдээллийг өгсөн. Тэр үед тухайн үеийн шадар сайд У.Хүрэлсүх болон бий байсан. Намайг оруулахгүй гэж хаалга хаасан гэхдээ би яаж ийгээд орсон. Тэгэхээр энэ асуудлыг шалгахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхийг тагнасан шалгасан зүйл огт тогтоогдоогүй харин өөрийгөө тагнуулсан гэж жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. Үүнийг тухайн гурван байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээллийг ил гаргаж бидэнд үзүүлсэн. Бүр зурагтай хөрөгтэй, бичлэгтэй нь үзүүлсэн. Энэ үеэр тухайн үеийн шадар сайд У.Хүрэлсүх хаяад гарсан, ямар нэг тайлбар хэлээгүй. Ийм л зүйл болсон. Үүнээс хойш тухайн хэрэг юу болсон талаар ямар ч мэдээлэл байхгүй таг болсон. Харин нэг мэдээлэл байгаа юм. Тухайн тагнуулдуулсан жүжиг гэж миний хэлж байгаа тэр асуудлыг зохион байгуулсан хоёр хүний нэг нь гэхдээ хоёулаа Цагдаагийн албан тушаалтан байсан. Тэр хоёр хүний нэг нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн эгчийнх нь дүү н.Ганхүү байсан.
Саяхан сар гаруйн өмнө Улаан-Үдэд Ерөнхий консулаар томилогдсон. Тэгэхээр тэр хэрэгт холбогдож байсан сэжигтэн, яллагчаар татагдаж хоригдож байсан нөхөр ямартай ч гарсан байна. Тэгээд Улан-Үдэд ерөнхий консулаар томилогдож байхыг бодоход хамааралгүй болоод энэ хэрэг хаагдсан юм байлгүй гэж дүгнэж байна” хэмээн ярьсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (20)