Улс төр өнөөдөр халуун үйл явдлуудаар өрнөж байна. Эрх баригч МАН-ынхны хоорондын хуваагдал засаглалын хямрал болтол халуурч байна. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан 27 гишүүний эсрэг Т.Аюурсайхан нарын гишүүд спикерийг ажлаа өгсөн цагт л хуралдаа сууна хэмээн бойкотлолоо. Өрнөөд байгаа улс төрийн үйл явдлуудтай холбогдуулан өчигдрийн онцлох 10 үгийг хүргэе.
М.Энхболд (УИХ-ын дарга) "Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу. Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлогыг ингэж хийж байгаа юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой.
Ж.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн) Энэ ЖДҮ-гээр шагнаж бүрэлдсэн засгийг өмөөрч байгаа хүмүүс ичээрэй. ЖДҮ-г жигд 950-иар шагнаж тараах нь зөв гээд л хэлцгээчих. Би тэгвэл гарын үсэг зурсандаа уучлалт гуйя. Ер нь тэгээд уучлалт гуйгаад л болдог болчихсон биздээ. Жинхэнэ ДАРАНГУЙЛАЛ, ХУДЛАА хоёр үнэртэж байна. Би ийм юманд дургүй. Тийм болохоор зурсан юм. Цаг хугацаа бүхнийг шүүнэ.
О.Чулуунбилэг (Улс төр судлаач) М.Энхболд, У.Хүрэлсүх нар намын хэрүүлээ төрийн хэрүүл болгож ордонд чирж оруулсан. Одоо Хүрэлсүх төрийн хэрүүл болгосон тэр хэрүүлээ иргэдийн хэрүүл болгохоор нийгмийн экстрим бүлгүүдийг жагсаал цуглаанд турхирч байна.
Х.Тэмүүжин (Хууль зүйн сайд асан) МАН-ын зовлон төрийн зовлон болоо юу? Түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь өөрийн өргөн барьсан төсөвөө батлуулахгүй гэж УИХ-аа гацаагаа юу? Намын дарга нам нь олонхи болсон УИХ-тайгаа зодолдсон түүх ч бас анхных уу? Томилогддог ЗГ, сонгогддог УИХ хоёр хэн нь дээрээ байх бол! Томилогддог том дарга нар сонгогчдоос санал аваагүй байж сонгогддог институтийнхээ дээр гараад ард түмний нэр барьж худал ярьдаг болсон цагт ардчилал мөхөж, дарангуйлал эхэлдэг гэдэгсэн.
Д.Лүндээжанцан (УИХ-ын гишүүн) Манай гишүүд УИХ-ын хуулиа сайтар судалмаар байна. Хариуцлагын зуд болж байгаа нь үнэн. Олон жил давхар дээлийг тайлах тухай асуудал ч яригдаж байгаа. Засах зүйлээ засаад хариуцлагаа тооцоод явах ёстой гэдэг дээр санал нэг байгаа.
Л.Энх-Амгалан (УИХ-ын дэд дарга) Монгол Улсын Ерөнхий сайд нь намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл бослогод уриалаад сууж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Ерөнхий сайд 3 сая хүний эрх ашгийг төлөө байна уу, өөрийнхөө сандал суудлын төлөө байна уу. Монгол Улсад зөндөө сонгууль болдог. Засгийн газар огцорч л байсан. Ингэж ард түмнээ бослого тэмцэлд уриалан дуудаж байсан намын дарга, Ерөнхий сайдыг би хараагүй юм байна.
Ё.Баатарбилэг (УИХ-ын гишүүн) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн маань өөрөө эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах гээд байгаа юм биш биз дээ гэсэн айдас болгоомжлол байна. Аль ч улс оронд эмх замбараагүй байдал үүсгэж түүгээр далимдуулан төрийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах асуудал гардаг. Ийм зам руу бид явж болохгүй. Мөн У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо дэг журам, шударга ёсыг тогтоохоор ярьж гарч ирсэн. Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн үг хийж байгаа үйлдэл хоёр нь зөрөөд байна. Ерөнхий сайдын шударга ёсны сэлэм яагаад өөрийг нь хүрээлсэн хүмүүс дээр яригддаггүй юм бэ.
Б.Энхбаяр: (Хууль зүйн дэд сайд) Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс (Б.Чимид)
Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх аль нь ч хувь хүнийхээ хувьд ТӨР биш, УЛС ч биш. Eрөнхийлөгч, УИХ, Засгийн газар бол ТӨР. Ард түмэнтэйгээ хамтдаа УЛС. Үндсэн хуулиас, эх орноос давж нийгмийн шударга ёс тогтоогдохгүй.
Д.Тэрбишдагва (УИХ-ын гишүүн) Сүүлийн хэдэн өдөр туйлдаж байна. Төрийн байгаа байдал, бидний хоорондын тэмцэл маш хүнд байна. Үүнийг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Дэмий зүйлд эрч хүчээ тал талд барлаа. Төрийн ордонд хэрүүл ярихаас илүүтэй чухал асуудал зөндөө л байна шүү дээ. Хариуцлагын тогтолцоогоо яривал ярьсан шиг яримаар байна.
С.Жавхлан (УИХ-ын гишүүн) Монгол Улсаар хулгайчид тоглож байна. Төрийн ордонд ямар хүмүүс бугшсан байгааг Монгол түмэн харж байгаа. Дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй. Шаардлагатай гэж үзвэл хөндөлсөж хэвтэнэ. Сонгуулийн дараа нэгдүгээр ээлж хоолонд орсон. Дараа нь хоёрдугаар ээлж хоолонд орсон. Одоо 65 хүнээс үлдсэн гуравдугаар ээлжийнхэн хооллох гэж байна. Тиймээс би аль алийг нь дэмжихгүй. Миний үгийг нохой хуцсан дайтай ч авч хэлэлцдэггүй байсан. Гэтэл өнөөдөр өт батгана шиг шавж байгаад би гайхаж байна.
Сэтгэгдэл (8)