-Ерөнхийлөгч рүү “нүүж яваа” Л.Болдын “нууц-
УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр твийтр хуудаснаа “УИХ-ын 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч шалтаг заан, ээлжит бус чуулганыг зарлалгүй төрийн үйл ажиллагааг тасалдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж иргэний хувиар Үндсэн хуулийн Цэцэд хандлаа” хэмээн мэдээллээ.
“Дэлхийн” парламентын чуулганд оролцож, Төслийн хороонд нь сонгогдон ажиллах хоорондоо улсынхаа парламентын даргыг Цэцэд өгчихөөд мордсоны шалтгаан юунд байв?
Ээлжит бус чуулганыг хуралдуулсангүй гэх бухимдал ээлжит чуулган эхэлснээр намжаад байтал Үндсэн хуулийн Цэцэд хандаж маргаан шийдүүлэх замаар “УИХ-ын дарга Үндсэн хуулийг зөрчсөн тул...” гээд аваад хаячих мэргэн арга, хэтийн зорилго хэнд хамгийн их байгаа билээ.
Бизнесмэнээс улстөрч болсон хүмүүс арилжааны аргаа орхидоггүй. Том шалтгаангүйгээр ямарваа үйлдэл хийдэггүй. Тиймээс Л.Болд гишүүний энэ алхмыг хийсэнд зөвхөн сөрөг хүчин гэдэг шалтаг багадна. Тэгээд ч “УИХ-ын даргыг унагаах” зорилго нэгтнээ хэдийнэ олж аваад наалдаж эхлээд байгаа нь илт болсон. Тэр бол Ерөнхийлөгч, түүний багийнхан. Тийм ч учраас УИХ-ын даргыг Цэцэд өгснөө “рапортлох” мэт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хаяглан твийтр хуудаснаа илтгэсэн байна билээ.
УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн тэр нэгэн чуулган дээр цочтолоо паянгаа яриулсан. Цочихоос ч аргагүй ноцтой асуудал байсан. Хэн нь үнэн яриад байгаа нь эцэслэн шийдэгдээгүй ч “Цааш нь ярих уу, яах вэ” гэсэн зуунги үг нь хэдийнэ хэлц болж “эздээ” түгшээсээр.
Арай энэ цочроо нь гараагүйн улмаас Л.Болд гишүүн Ерөнхийлөгч рүү “нүүж” яваа юм биш биз. Тийм бол эхний ээлжинд хүслийг нь биелүүлж УИХ-ын даргыг огцруулах том “гавьяа”-г байгуулах учиртай. УИХ-ын дарга огцорвол удаа дараа яриад байгаа АТГ-ын даргыг “авч хаях” нь цаг хугацааны асуудал.
Парламентын түүхэнд Ц.Нямдоржоос өөр хугацаанаасаа өмнө огцорсон УИХ-ын дарга үгүй. Гэтэл энэ удаад 64 гишүүнтэй олонх байтал намынх нь лидерийг, УИХ-ын даргыг огцруулна гэдэг амаргүй. Амаргүйгээр барахгүй хэцүү. Фантазлаад үзвэл “Ерөнхийлөгч өө, би Б.Хурцын ярьсан Хойд Солонгост 300 000 ам.долларын зэвсэг зарсан, түүнээс болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон гэх асуудлуудаар шалгагдаж байна. Намайг авраарай” гэвэл “УИХ-ын даргыг чаддаг юм бол огцруулчих” гэж хариулсан байвал яах вэ. Бараг ОУПХ-ны хурлын үеэр марзан маягаар парламентын тэргүүнээ яаж огцруулдаг талаар нь судалж яваад ч хамаагүй УИХ-ын даргыг огцруулах хэрэгтэй биз дээ.
Үүнээс өөрөөр Л.Болд гишүүнд гэнэтхэн аль халуун зунаар МАН-ын Л.Оюун-Эрдэнэ гишүүн болон УИХ-ын 26 гишүүний гарын үсэгтэй ээлжит бус чуулган хуралдуулах асуудал талаар өнгөрснийг ээлжит чуулган эхэлж цас хаялж байхад сөхөж Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандах шалтгаан байх уу. Том шалтгаан шүү. УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд Б.Хурцын ярьсан “цааш нь ярих юмтай” сэдэв бол том шалтгаан байтугай хоолой дээр хутга тулгасан хэрэг биш үү. Хэрэв тэр санасандаа хүрч, Цэцийн шийдвэр “УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчжээ” гэж гараад ийм шалтгаанаар УИХ-ын дарга огцорвол яах бол. УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын ярьсан хэрэгт шалгагдахаа болих уу. Б.Хурц Л.Болдыг гүтгэсэн болж таарах уу. Аль эсвэл...Ямартай ч тэр үед цочирдож хүлээж авсан иргэд сонгогчид энэ тухай огт мартахгүй билээ.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (18)