Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Хянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн Газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Мөн өнөөдөр АН-ын Улстөрийн зөвлөлөөс Засгийн Газрыг огцруулах саналыг дэмжсэн. Ингэснээр Засгийн Газрыг огцруулахыг УИХ-ын 36 гишүүн дэмжиж байгаа юм. Иймээс уг саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжих үү гэдэг олны анхаарлыг татаж байна. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Өчигдөр Д.Хянхярваа тэргүүтэй нэр бүхий гишүүд Засгийн Газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Та энэ тогтоолын төслийг дэмжих үү?
-Өнөөдөр л тогтоолын төслийг харлаа. Судлах юм байна. Тал талаас нь үзэж, нотолгоонуудыг нь харна. Тогтоолын төсөл өргөн барихаас өмнө би байр сууриа илэрхийлж байсан. Я.Содбаатарыг сайдаар томилоход нь “Та даараад байгаа юм уу” давхар дээлтэй байж болохгүй гэж хэлсэн. Тэрний төлөө өрөөндөө намайг дуудаж “Асуумаар зүйл байвал манай өрөөнд орж ирээрэй” гэсэн. Тэрний цаад утга нь, энэ хүнийг ЖДҮ уруу орно гэдгийг хэлж байсан. Яг л миний хэлснээр явлаа.
Мөн Н.Цэрэнбат байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр гараа өргөн дэмжих байх гэж бодож байна. Хотгор шанагын гээд яриад байсан нөхрийг огцруулъя гэж Ерөнхийлөгч маань ярьж байсан шүү дээ. Ер нь Засаг унагаахыг Ерөнхийлөгч зуун хувь дэмжих байх. Яагаад гэхээр хуулиар нэг сайдад хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийн цэцээс сайдад хариуцлага тооцож болохгүй гэсэн хууль гарсан байхгүй юу. Ерөнхий сайд өөрийнхөө хүмүүсийг огцруулахгүй болохоор кабинетаараа огцрохоос өөр арга байхгүй.
Засаг огцруулах уу гэдэг асуултаа түр хойш нь тавиад энэ Засагт хариуцлага тооцох, яаралтай солих сайд нар байна уу гэж би сэтгүүлчдээс асууж байгаа юм. Ерөнхийлөгчөөс эхлээд хэл ам болоод байсан даа. Цэрэнбат, Даваасүрэн, Содбаатар, Сарангэрэл гээд энэ хүмүүсийг цэвэрлэ л дээ. Сэлмээ эргүүлээд л цэвэрлэх ёстой байтал энэ хүмүүстэйгээ зууралдаад эцэст нь ийм юм болж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцохын тулд л кабинетаар нь огцруулахаар болж байна гэж харж байна.
-Засгийн Газрын гишүүдийг солих нь зөв үү. Ингэснээр нөхцөл байдал хэр сайжрах вэ?
-Засаг огцрох нь буруу. Тэгвэл ЖДҮ-ийн сайдад хариуцлага тооцох ёстой юу үгүй юу. Тэгэхээр тооцох ёстой гээд Ерөнхий сайдад хандсан. Гэтэл хариуцлага тооцохгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хуулийн гарц нь л энэ байна. Анхнаасаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр С.Баярцогтыг өргөн барих үед 570 маркийн автомашинаар хахуульдаж энэ заалтыг сугалж авсан юм. О.Баасанхүү шударга хүн учраас хулгайг тэвчиж чадахгүй сайдуудыг огцруулна гээд бичиг бариад байнгын хороогоор хэлэлцүүлчихэж магадгүй гээд гишүүн сайдад хариуцлага тооцож болохгүй болгосон. Тэгэхээр ийм л гарц байна. Асуултыг эргээд л тавья. Тодорхой сайдад хариуцлага тооцох ёстой юм уу үгүй юм уу. Ёстой юм бол хуулийн гарц нь л энэ байна. Сайдууд нь ЖДҮ-тэйгээ байг, хулгайгаа ч хууль бус зүйлээ ч хийг, У.Хүрэлсүх чинь гоё хүн юм чинь байж байг гэж яриад байгаа юм. Тэр нь зөв юм уу?
-Чуулганаар хэлэлцэх үед та дэмжиж кноп дарна гэж ойлгож болох уу?
-Өөр яах юм бэ. Эсвэл ЖДҮ зөв юм байна, Хотгор шанага зөв юм байна гээд бодоод байж байх уу. Би Ерөнхийлөгчийг дэмжиж кноп дарах гээд байгаа юм. Ерөнхийлөгч Засгийн газрыг огцрохын эсрэг байгаа хир нь Хотгор шанагын Ч.Хүрэлбаатарыг томилох үед хориг тавьж байсан шүү дээ. Тэгэхээр би одоо тэр хоригийг зөвшөөрье. Ерөнхийлөгч ч энэ алхмыг хүссэн.
-Ж.Мөнхбат гишүүн УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Та энд ямар байр суурьтай байна вэ. УИХ тарах ёстой юу?
-Тангараг өргөсөн УИХ гишүүн. Би ажил хийнэ гэж тангараг өргөсөн. Ажил хиймээргүй байгаа хүмүүс нь гарын үсэг зур л даа. Би ажил хиймээргүй байна, энэ төр засагт чинь ажиллах муухай юм, УИХ-д байх чинь онцгүй юм гэвэл болино л биз. Надад хариуцлага үүрэх шалтгаан алга. Би ЖДҮ-ийн зээл авсан, жинхэнэ хулгайч байсан бол би гарын үсэг зурна.
-Хориг тавьсан заалт дунд хэрэгтэй санаа байна. Жишээлбэл, хөдөө аж ахуйг дэмжиж, тодорхой хөрөнгө оруулалт хийе гэдэг нь зөв. Зураг төсөлгүй зарим нэг барилга дээр хөөсрүүлсэн маягаар тавьсан төсвийг болиулъя гэдэг нь зөв. Дээр нь нүүрсний үнийн хэт өөдрөгөөр харж, өндөр төсөв тавьж байхаар эрсдэлээ хар гэдэг нь бас зөв.
Гэхдээ хоригийг хүлээж авах юм бол цалин өгч болохгүй гэсэн үг. Төсөвт бүхэлд нь хориг тавина гэдэг нь тэтгэвэр, хүүхдийн мөнгө, төрийн байгууллагын халуун дулаан, цахилгааны мөнгийг төлж, цэрэг армиа санхүүжүүлж, Цагдаагийн байгууллагад төсөв тавихгүй гэдэг үг.
Алийг нь авах вэ. Энэ нь аятайхан юм байна гээд хуулийг хүчингүй болгох ёстой юм уу. Эсвэл үүнийг хүчин төгөлдөр болгож байгаад төсвийн тодотголоор засах ёстой юм уу. Хуульд гарсан алдаа дутагдалыг засаж болдог. Түүнээс биш хуулийг хүчингүй болгочих юм бол 12 дугаар сарын 14 гэхэд төсвийг татна, нэгдүгээр сарын 10 гэхэд төсөв хуваарилагдана. Тэгээд төсөвгүй болохоор ард түмэн яах вэ. Ийм аймшигтай байдлаар Монгол Улсыг хямрал руу зохиомлоор оруулах алхмыг хийгээд байгаа болохоор би эсэргүүцэж байгаа юм. Дээрээс нь УИХ-ын гишүүн тойрогтоо найман тэрбум төгрөг гэж байгааг эсэргүүцэж байгаа. Би найман тэрбум төгрөг аваагүй.
Хоёрдугаарт төсөвт хориг тавихдаа хуульд үндэслэдэг. Үндсэн хууль болон тодорхой хууль зөрчсөн байвал тэр хууль зөрчсөн заалтад хориг тавьдаг. Жишээлбэл Үндсэн хуулийн цэрэг, цагдааг төрөөс санхүүжүүлнэ гэсэн байсныг эсрэгээрээ хувийн компани санхүүжүүлнэ гээд бичсэн гэж бодъё. Тэгвэл Үндсэн хуулийн тэр хэсэгт ингэж заасан байгаа болохоор зөрчиж байна. Тиймээс энэ хэсгийг хориглолоо гээд болохгүй байгаа хэсгийг засдаг болохоос төрийн ордонд сэтгүүлч Б.Чойжилсүрэнгээс яриа авахдаа “Та 26 хүн байхад хүний өмнөөс коноп дарлаа” гэж хэлсэн учраас хүчин төгөлдөр бус төсөв гэж хэлээд хориг тавьдаггүй юм. Тэр сэтгүүлч 26 гэдгийг яаж тоолсон юм бэ, Чойжилсүрэн 26 гэдгийг яагаад хэлсэн юм бэ. Таамгаар ийм зүйл хэлж болдоггүй байхгүй юу. Тийм учраас би энэ хоригийг хүлээн зөвшөөрч болохгүй байгаа юм. Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ талд байх ёстой юм уу ахынхаа талд байх ёстой юм уу. Ахынхаа хийж буй улс төрийг дэмжье гээд ард түмнээр тоглохыг зөвшөөрөх ёстой юм уу. Энэ бол буруу байж болохгүй зүйл.
-Аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд тусгах төсвийн мөнгөнөөс Майдар хот төсөлд рүү мөнгө авахыг санаархаж байна гэсэн зүйл гадуур яригдаж байна?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Би Ц.Нямдорж гэдэг хүнийг их шүүмжилж буруутгадаг. Гэхдээ Ц.Нямдорж сайдын ярьж байгаачлан хууль хяналтын байгууллагад алдаатай юм их байгаа. Ц.Нямдорж сайд төсвийн хориг дээр үнэн юм хэлсэн. Ерөнхийлөгч бие даасан хараат бус нам эвслээс ангид байх ёстой. Гэтэл эсрэгээрээ байна. Тамгын газрын дарга нь би Ардчилсан намын хүн гэж бичээд байж болохгүй. Ийм байхад би яаж итгэх юм бэ. МАН-ын хүн яаж итгэх юм бэ. Энэ бол Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн чадваргүй байдалтай шууд холбоотой. Түүний зөвлөхүүд давуу эрх эдэлж байгаад би харамсаж байна. тэд онцгой давуу эрх эдэлж байгаа шүү.
-Засгийг Газрыг огцрууллаа гэхэд эргээд Засгийн Газрыг бүрдүүлэхээр нэр цэвэр, чадвартай хүн байна уу?
-39 суудал авсан нам Засгийн Газарт Ерөнхий сайдыг санал болгодог. 65 биш. Тэд Ерөнхий сайдыг санал болгосны дараа 45 хоногийн дотор Ерөнхийлөгч зөвшөөрөх эс зөвшөөрөхөөс үл хамааран парламентаар баталдаг. Өнөөдөр УИХ-д 65 суудал авсан нам 45 хоногийн дотор Ерөнхий сайдыг санал болгоно. Хэрвээ Ерөнхий сайдыг өргөн барихдаа өргөн барьсан Ерөнхий сайдаа зөвшөөрөхгүй гэвэл намаа зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Би тэгж харж байна. Дээрээс нь Ерөнхий сайдаа 45 хоногийн дотор томилохгүй байна гэвэл энэ 65 гишүүн сайн дураараа УИХ-ын гишүүны ажлаас татгалзаж байна гэсэн үг. Ажил хиймээргүй байна гэсэн хүнийг дахин ажил хийлгэнэ гэдэг бол албадан ажил хөдөлмөрлөлт болно. Албадан ажил хөдөлмөлөлтийг сонгож болохгүй. Монголын ард түмэн ийм тэнэг байдлыг зөвшөөрөхгүй, энэ гишүүд нь тийм тэнэг байдалд орохгүй гэдэгт би эргэлзэхгүй байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)