УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр МАН-ын бүлэг тодорхой шийдвэр гаргасан байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шүүмжлэл их байна. Уг хуулийн гол агуулга нь УИХ, Засгийн газар, яам, агентлаг төрийн төв байгууллагаас гаргаж буй шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байхад оршиж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хэт өргөн хүрээг хамарч байна. Захиргааны шүүх байгуулагдсанаар хүний эрхийг хангах, албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хянах чиглэлд том дэвшил гарч ажилласан. Тодорхой хязгаартайгаар уг хуульд өөрчлөлт оруулах ёстой юм. Зөвхөн УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Монголын ард түмний улсын язгуур эрх ашигтай холбоотой УИХ-ын шийдвэртэй холбоотой Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх гэх шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын бусад шийдвэр, сайд нар, яам, агентлаг, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг Захиргааны шүүх хянах ёстой гэж үзлээ” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ-аас чиглэл өгч гаргаж буй Засгийн газрын шийдвэрийг захиргааны акт биш юм гэж үзэж байгаа юм уу?
-Захиргааны акт мөн. УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр хянана.
-УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргавал түүнийг нь хянах боломжгүй болж байна уу?
-УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянана. Энэ журмаараа явна.
-МАН-ын бүлэг хэр эв нэгдэлтэй байгаа вэ?
-Эв нэгдлийн асуудлаар бүлгийн хуралдаанаараа ярилцлаа. Дахин ярилцана. Бүлгийн даргын зүгээс энэ чиглэлд анхаарч ажиллаж байна.
-Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлэг дээр хэрхэн яригдаж байгаа вэ?
-Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар ярилцаагүй. Энэ хүнд хэцүү цагт Засгийн газрыг огцруулж, үймээн самуун дэгдээх шаардлагагүй гэж бодож байна.\
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)