УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах хүсэлтээ намынхаа бүлэгт тавьсан тухай мэдээлэл гараад байгаа. Тэрбээр энэ тухай “ЖДҮ-тэй холбоотой олныг бухимдуулсан үйл явдал болж байна. Үүнийг хууль хяналтын байгууллагууд маш богино хугацаанд шалгаж үнэнийг тодруулан нийгэмд хариулт өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг тойроод түүнийг дэвэргэж улс төрийн ашиг хонжоо олох, нөгөө талаас Эрдэнэтийн асуудал, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис, Самурай бондын зарцуулалт гээд бидний анхаарах учиртай асуудлуудаас олны анхаарлыг хөндийрүүлэх гэсэн оролдого байна. Аль болох бужигнуулах, ойлгомжгүй байдал үүсгэх зорилготой үйл ажиллагаа явагдаж байгаа нь улам анзаарагдаж эхэлж байна.
Тиймээс хууль хяналтын байгууллага маш хурдан ажиллаж энэ асуудлыг нэг мөр болго. Энэ асуудалд миний нэр холбогдож байгаа. Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан. Би нөхдөдөө энэ зээлийг яаралтай төлж барагдуул гэсэн. Бид төлж барагдуулсан. Шаардлагатай гэвэл бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулаад нэг мөр хариулт өгөхгүй бол үүний цаана маш олон өөр улс төрийн санаа зорилго, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан, хагалсан зүйл яваад байна” гэж хэвлэлийнхэнд ярьсан юм.
Ямартай ч түүний энэ алхам маш зөв гэдгийг хэлж байна. Тодруулбал, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди өөрийн цахим хуудаснаа “Ж.Энхбаяр гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, эрх бүхий байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргасан нь улс төрд тогтож буй зөв жишиг болохуйц үйлдэл гэж харж байна. Эргэлзээ, хардлагаас ангижрах хамгийн зөв шийдэл” хэмээн онцлов.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)