-Лу.Болдын эзэмшлийн “Бодь даатгал” Оюутолгойн даатгалыг хийжээ-
ЖДҮ-ийн дүйвээнээр Ц.Даваасүрэн сайдын хэлсэн маш ноцтой мэдэгдэл олны хараанаас холуур өнгөрчих шиг боллоо. Оюутолгойн гэрээг анхнаас нь эсэргүүцэж байсан эрхэм сайд УИХ-ын гишүүн Лу.Болдыг “Эх орноосоо урвасан” гээд бараг л мэдэгдчихэв. Яг үгчилж тэгж хэлээгүй ч, утгачилбал Оюутолгойн хамгаалагч гэж цохон тэмдэглэж байна лээ. Тэрээр УИХ-ын чуулганы танхимд “Эх орноосоо урвадаг хүмүүсийг ардчилсан нийгэм бий болгох юм байна гэж бодоогүй шүү, Л.Болд гишүүн ээ. Юун эх орноосоо урвах битгий хэл, жаахан хөрөнгө дутаасан хүн шоронд явдаг. Та ч гэсэн Л.Болд гуай минь, Оюутолгойгоо хамгаалаагүй шүү. Оюутолгойг өгөхөд дэмжээд л дарсан. Та дуугараагүй, би мэдэж байна. Тэгсэн мөртлөө өнөөдөр гоё гоё юм яриад л. Ийм хулгайч нарыг хамгаалсны чинь төлөө өнөөдөр УИХ-ын нэр хүнд унаж байна. Оюутолгой буруу байна гэж таныг дуугарч байсныг би ёстой мэдэхгүй байна. Дубайн гэрээг эсэргүүцэж байсныг чинь ёстой мэдэхгүй юм. Битгий худлаа ярьж байна. Ард түмэн ой санамжтай, за юу!” гэсэн юм.
УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт бий. Гэвч энэ үгийг Ц.Даваасүрэн сайд ам халсандаа ч юм уу, аль эсвэл хуульгүйгээр нь хүн дайруулж гүтгэсэн хэрэг биш бололтой. Лу.Болд, Оюутолгойн гэрээ гэсэн хоёр үг яах аргагүй хоршиж сонсогдох хэмжээнд “дотно” юм байна.
Оюутолгойн гэрээг одоогоос есөн жилийн тэртээ 2009 онд байгуулах үед Лу.Болд УИХ-ын гишүүн хийгээд Батлан хамгаалахын сайд байсан. Гэрээг батлах бүх процесст буюу Засгаар ороход нь ч, УИХ-аар батлахад нь ч саналын эрхтэй байсан хүн. Харин энэ үедээ өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн үү, эдийн засгийн ашиг сонирхол цаана нь нуугдаж байв уу гэдэг нь эргэлзээтэй. Ямар боловч Ц.Даваасүрэн сайдын хардсанчлан “Лу.Болд Оюутолгойгоор дуугардаггүй” нь үнэн юмдаг.
Гэтэл үүнтэй зэрэгцэн Оюутолгойд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт анхаарал татаж байна. Д.Тэрбишдагва гишүүний ахалж буй төө зузаан дүгнэлт бэлэн болсон бөгөөд гишүүд нь гарын үсгээ зурах л үлдээд байгаа юм билээ. Тэнд бичсэнээр бол Оюутолгойн давхар даатгалын гэрээтэй холбоотой нэлээд ноцтой баримтууд хавсаргагдсан аж. Энэ тухай “Нийгмийн шуудан” сонинд мэдээлсэн нь ч байна. Тэнд бичсэнээр бол эрхэм гишүүн Лу.Болд Оюутолгойн 6 тэрбум ам.долларын зээлийн гэрээний давхар даатгалыг өөрийн “Бодь даатгал”-аараа хийлгэсэн гэжээ.
Дөрвөн “Чингис” бонд нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний зээлийн гэрээний даатгал гэхээр чамгүй их мөнгө шимтгэл, хураамж, төлбөр хэлбэрээр эрхэм гишүүний мэдлийн компанид орж байгаа гэсэн үг. Лу.Болдын хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад “Бодь даатгал” компаниад хувь эзэмшдэг гэдгээ нуугаагүй байна лээ. Харин ч хувьцаа эзэмшихийн зэрэгцээ Лу.Болдын төрсөн дүү Л.Болдхуяг “Бодь даатгал” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг нь Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны сайтад бичигдсэн байгаа юм. Мөн тэнд “Бодь даатгал” компани 2018 оны эхний хагас жилд л гэхэд 591.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 28.6 хувиар ашиг нь өссөн болохыг баталжээ. Энэ мөнгөний багагүй хэсэг Оюутолгойн даатгалаас орж ирж байгаа гэж тооцвол Ц.Даваасүрэн сайдын хардаад байгаачлан “Лу.Болд Оюутолгойгоор юу гэж дуугарахав дээ”.
Б.Дамдин-Очир
Сэтгэгдэл (6)