Нийгмээрээ шуугиж байгаа нэгэн хэргийн учир гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь татгалзуулах хүсэлтээ парламентад танилцуулсан М.Энх-Амгалан прокуророос “тэгш хандах” зарчим нэхсэн М.Оюунчимэг гишүүнийг олноороо буруутгасан дөрвөн хоног өнгөрлөө. Уг нь түүний үгийг бүтнээр нь сонсвол буруутгах шалтгаан огт байхгүй юм. Тэр ЖДҮ сайхан гэсэнгүй, ЖДҮ-гээс зээл авсангүй. Харин ч ЖДҮ-г шалгаж байгаа нь зөв, зэрэгцүүлээд прокурорын ширээн дээр мартагдан тоосонд дарагдаад буй цагаан захтнуудын хэрэгт салхи оруулаач ээ л гэсэн юм. Аудитын дүгнэлт гарчихаад байхад АСЕМ-ын булхай, Хөгжлийн банкны зээлүүд, Эрдэнэтийн 49 хувийн ээдрээт хэлцэл, Үнэ тогторжуулах хөтөлбөрийн олон тэрбум төгрөгүүдийн хэрэг яагаад хавтсандаа өтлөв? Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгахыг хүлээгээгүй юм бол хурдан шийдэж буруутай албан тушаалтнуудыг нь нийгэмд зарла аа л гэсэн билээ. Үнэхээр Мөнхөөгийн Оюунчимэг гишүүний хэлсэн мөнөөх албан тушаалын хэргүүд хаачив? гэдгийг манай редакц цувралаар хүргэхээр боллоо. Эхнийх нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нь зэвсгийн наймаа эрхэлж, улмаар түүнд нь холбогдсон хойд солонгосын хоёр иргэн цаазлуулсан тухай.
Б.Хурц “цааш нь ярих уу”, Л.Болд “цааш нь шалгуулах уу?
Одоогоос жил орчмын өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэхэд “онц ноцтой сэдэв”-ээр хэрүүл гэхэд зөөлдөм яриа өрнөж билээ. Тухайлбал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” гэхэд УИХ-ын гишүүн Л.Болд “Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм гүтгэж, нэр төрд халддаг. Надад ийм зүйл байхгүй гэдгийг хууль, шүүхээр тогтоочихсон учраас би энд сууж байна. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй гэдгийг хэлсэн. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэсэн яриа болсон юм даг.
Гэвч хэн, хэнийх нь яриа хөөрөө хуулийн байгууллагаар шалгагдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэв Б.Хурц Л.Болдыг гүтгэсэн бол өдийд “шийтгүүлэхээр барах уу” гэмээр том ялд унасан байх учиртай. Гэтэл Элчингээр явах асуудал нь “бүлээнээрээ” байгаа билээ. Харин УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд гэм буруутай бол бүр ч том ял шийтгэл хүлээх нь дамжиггүй. “Томчуудын хэрүүл том байдаг”-ийг харуулах нэг өөр. Гэхдээ Монгол төрийн болон төрийн сайдын, төрд ажиллаж буй албан хаагчийн нэр хүндэд хор хөнөөл учруулахуйц ноцтой сэдвээр олон нийтийн өмнө ярьчихаад огт хариуцлага хүлээхгүй өнгөрч болно гэж үү.
УИХ-ын гишүүн Л.Болд тухайн үед буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны Байнгын хорооны хуралдаан дээр хэлэхдээ “Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлснийг мэдэж байгаа” гэсэн. Тийм бол өөрийгөө “зэвсгийн наймаачин” гэж гүжирдүүлчихээд хэний даалгавраар онц ноцтой мэдэгдэл хийснийг нь яагаад “тэвчээд” зарласангүй вэ. Наанадаж л чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо шантааж хэлбэрийн ноцтой мэдэгдэл хийх явдал цаашид гарахгүйн тулд гүжирдсэн “микрофон”-той тэмцэхгүй бол буруу жишиг тогтоно шүү дээ.
Өөрөө бол “би АТГ-ын даргаас очиж асуусан. Тэр бичиг чинь ямар учиртай юм бэ. Та нар ямар мэдэгдэл хийчихэв ээ гэж. Гэтэл бүртгэлгүй, нэргүй бичиг хувь хүн авчирч өгсөн. Яаж ч болохгүй хадгалж байсан гэх утгатай зүйл ярьсан.. Би бас Хойд Солонгосын Элчин сайдын яамнаас энэ талаар асуусан. Бид мэдээлэл өгч чадахгүй байна аа гэсэн. Тийм бичиг үнэхээр байгаа эсэхийг тодруулъя гэсэн. Улс хоорондын харилцаа. Хүний эрхийн харилцаа. Дээрээс нь хууль ёсны нарийн төвөгтэй асуудлыг ингэж хамаагүй ярьж болохгүй. Хэд хэдэн хуулийн зөрчил гарч байгаа биз. Энэ бүхэн ил болсон. Угаасаа зургадугаар сард ямар зорилготой ийм бичиг “үйлдвэрлэсэн”. Яагаад өнөөдрийг болтол тэр дагуу шалгаад, үнэн мөнийг нь тогтоогоогүй юм. Яахаараа Т.Дашдэлэг генералын мэдүүлэг гэж яригдаад байсан зүйл Хойд Солонгосын бичиг болоод хувирчихдаг юм. Энэ чинь өөрөө маш будилаантай асуудал” гэж сонинд ярьсан. Энэ талаар хөндлөнгийн, хууль хяналтын байгууллага олон нийтэд мэдээлэх ёстой. УИХ-ын дотор ийм ноцтой хэрэгт гүтгүүлэгч сууж байна уу. Эсвэл ноцтой хэргийн сэжигтэн юм уу гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Ийм ноцтой хэрэгт өөрийнх нь хэлснээр гүтгэсэн юм бол өдийг хүртэл Л.Болд гишүүн сэтгүүлчийн асуултанд хариулснаас өөрөөр тэмцэхгүй байгааг юу гэж тайлбарлах вэ? Эсвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц цааш нь ярихыг хүлээсээр л байх уу? УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын ярьсан хэрэгт шалгагдахаа болих уу. Б.Хурц Л.Болдыг гүтгэсэн болж таарах уу. Аль эсвэл... Ямартай ч Хурц Болд хоёр энэ тухай ярихаа больсон юм гэхэд тэр үед цочирдож хүлээж авсан иргэд сонгогчид огт мартахгүй билээ. Уг нь байлдааны онгоцыг борлуулсан мөнгө нь Л.Болд гишүүний тухайн үед эзэмшдэг байсан Бодь группийнхны банк санхүүгийн байгууллагын дансаар орж гарсан гэсэн мэдээлэл тухайн үед гарч л байсан билээ.
Андынхаа хүүд бэлэг барьсан арван тэрбумын бас нэгэн хэрэг
Бизнесмэнээс улстөрч болсон хүмүүс арилжааны аргаа орхидоггүй гэдэг нь Л.Болд гишүүний улс төр дэх энэ олон жилийн амьдралаас тод харагддаг. Ийм хүмүүс том шалтгаангүйгээр ямарваа үйлдэл хийдэггүй. Үүний нэг нь мөн л Батлан хамгаалахын сайд байхдаа намын нөхөр, фракцын анд Батж.Батбаярын хүүд Батлан хамгаалахын ажилчдын 300 айлын орон сууц барих эрхийг өгсөн нь байлаа. Ардчилсан нам дахь Зүүн хойд Азийн бүлэглэлд багтдаг Л.Болд тус бүлэглэлийн бас нэгэн томоохон төлөөлөл Батж.Батбаярт хүүгээр нь дамжуулан ийм бэлэг барьж байсан юм. Улсын төсвий хоёр тэрбум гаруй төгрөгөөр шаардлага хангахгүй техник нийлүүлэн “хар жагсаалт”-д ороод байсан Батж.Батбаярын хүү Баттулгын “Спейшл” корпорацийг Л.Болд сайд байхдаа арав гаруй тэрбум төгрөгийн тендерт ялуулж байсан нь мөн л тухайн үед дуулиан шуугиантайхан нийгэмд цацагдаж байсан. Тэрбум гаруй төгрөгийн өртэй гэгдэж байсан “Спейшл”-д ийм тендер өгөхгүй гэсэн Сангийн яамныхны анхааруулгыг үл тоон “ХөМоТэ” болгон нэрийг нь өөрчлүүлээд ажилчдынхаа арван турбумаар босох орон сууцын тендерийг Мо даргын хүүд өгсөн хүн нь Л.Болд сайд байсан юм. Ингэхдээ баригдаагүй барилгын санхүүжилтыг 100 хувь олгосон байдаг тухай хэвлэлийн хуудсаар мөн ч олон удаа дурдагдаж байсан. Гэсэн ч босоогүй орон сууцны эл хэрэгт холбогдуулан Батлан хамгаалахын газрын хэдэн даргыг хэсэг шалгаж байгаад л энэ хэрэг хавтастайгаа тоосонд дарагдсан. Нэгэнтээ Л.Болд гишүүн андынхаа хүүд найр тавьсан арван тэрбумын тендерийг “Батлан хамгаалахын салбарт хийсэн миний гол ажил” гэж ам алдаж билээ. Уг нь шалгуулах ёстой хүн нь салбарын сайдаар ажиллаж байсан, анд нөхрийнхөө хүүд найр тавьсан, арван тэрбумыг цаасан дээрх төлөвлөгөөнд зориулаад гаргаад өгсөн Л.Болд байсан юм шүү дээ.
Үргэлжлэл бий.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (14)