МАН төрийн эрх барьж буй энэ хоёр жилд чансаагаа дориун шалгуулаад авлаа. Засгийн газар нь ч гавьсан зүйлгүй хэдэн ч сайдын нүүр үзэв. Гоё нэртэй сангуудыг хэн цөлмөж байгаа нь ч олон нийтэд ил болов. Манай улсад Эрдэнэсийн сан, Бүх нийтийн үйлчилгээний сан, Агаарын бохирдлын эсрэг сан, Тариаланг дэмжих сан зэрэг сонсоход тааламжтай зөв гэж бодохгүй байхын аргагүй 27 сан байна. Эдгээрийн нэг нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан юм. Нөгөө олныг гайхшруулж, шуугиулууд байгаа сан шүү дээ. Яагаад гайхшруулаад байна гэж хэлсэн гэхээр нөгөө шударга дүртэй Ж.Энхбаяр гишүүн хүртэл нэр холбогдсоныг бодоход шүү. Ер нь манай гишүүд олон нийтийн хэрэгслийн өмнө жигтэйхэн цэцэрхэж бас мөчөөрхөж, сайн хүний баг зүүдэг юм байна шүү дээ гэх сэтгэгдлүүд цахим хуудсаар дүүрэн аж. Түүнчлэн ЖДҮДС-тай холбоотой асуудал нийгмийн сүлжээг бүхэлд нь эзэлжээ.
Хууль санаачилдаг, баталдаг эрхэм гишүүдийн ЖДҮ-ээс зээл авсан нь илчлэгдээд ирэхээр бантсан хүн балайрна гэгчээр олон нийтийн хэрэгслээр нэг үгээр бол “балайрч” өгснийг санаж байгаа байх. Мөн ч их мэлзсэн дээ хөөрхий. Сүүлдээ гарах гарцгүй болоод ирэхээр “чадаж байгаа юманд арга байхгүй” л маягийн юм ярьсан даг.
Тухайлбал, Хүүдээ ЖДҮ-ээс зээл авч өгсөн гэх УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Та иргэдээс уучлал гуйх уу гэсэн сэтгүүлчийн асуултад” “Хүн хийж, бүтээе гэж байгаа бол ямар уучлалт байх юм бэ?” хэмээн ярьж байсан гишүүн хүртэл суурин дээрээ хэд эргэхийг тухтай сууж байгаад үзлээ дээ. Уг нь уучлалт гуйх нь байтугай “хаахалзаж” явсан юм. Харин Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өчигдөр чуулганы хуралдаан дээр “Ард түмний итгэл, сэтгэлийг дааж чадахгүй байгаа бол энэ Их Хурал, Засгийн газар цаашид ажиллах эсэх тухай асуудлаа ч ярина. Энэ цаг нь болсон гэж бодож байна. Үүнийг би хариуцлагатай хэллээ. Харлаа, хүлээлээ, тэслээ, тэвчлээ, засч янзлах гэж оролдлоо. Зарим нэг зүйл маань үр дүнд хүрэхгүй байгаа. Би энэ зээл авсан гишүүд ард түмнээс уучлалт гуйхгүй бол та нар дахиж нэр дэвшихгүй шүү гэж дахин хэлье. Ардын намын нэрийн өмнөөс улс төрд барилдахгүй шүү. Энэ зээлээ төлөхгүй бол, ард түмнээс уучлалт гуйхгүй бол. Тиймээс тун удахгүй би намынхаа олон түмнээс дэмжлэг хүснэ. Хэрвээ энэ шинэчлэлтийг хийж чадахгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Эцэст нь болохгүй бол өөрөө огцорно. Үүнийг би цэрэг хүний ёсоор, эх орондоо тангараг өргөсөн хүний ёсоор удахгүй хийж хэрэгжүүлнэ. Харин та нар дэмжээрэй. Ард түмэн энийг хүсч хүлээж байна” хэмээн амлаж буй. Ерөнхий сайдын ийн ширүүхэн хэлсэн нь Н.Оюундарь гишүүнийг уучлалт гуйлгахад хүргэжээ.
Ирэх оны сонгуульд нэр дэвших эрхээ алдахаас айсан гишүүн Н.Оюундарь “Миний үр хүүхэдтэй хамааралтай компани 800 сая төгрөгийн зээл авсан. Үүнд монголын ард түмэн, нийгэм өөрөө бухимдалтай байгааг ойлгож байгаа. Энэ өр зээлийг бүрэн барагдуулсан байж байгаа гэдгийг хэлье гэж бодсон юм. Хүний өмнөөс, өөрийнхөө хүүхдийн өмнөөс уучлал гуйж байна” хэмээн ямартай ч ирэх оныхоо сонгуулийн эрхээ авахаар худлаа үнэн ч гэсэн уучлалт гуйсан болъё гэж бодсон юм болов уу. Уг нь гишүүн Н.Оюундарь “Миний туйлын зорилго дарга, цэрэг болох биш” хэмээн ярилцлага өгсөн байдаг ч хэлснээсээ эсрэгээр байгаа нь харагдаж байна. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Олигарх” нэрээр алдаршжээ. Ийнхүү шахалт, шаардлагаар ЖДҮДС-аас авсан 950 сая төгрөгийн зээлээ барагдуулжээ.
Харин Жижиг дундын зээлээ төлчихнө гэж ялархаж, төлчихлөө гэж рекламдаж суудаг оны шилдэг “Зээл төлөгч” гишүүнээр Ж.Эхнбаяр тодроод буй. Ийн шударга дүр эсгэдэг “баг”-тай төрхүүд олноороо төрийн эрхийг барилцдаг аж. Мэдээж түүний нэг нь Ж.Энхбаяр гишүүн гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ бас нүглийн нүдийг гурилаар хуурч яваа Ж.Энхбаяр гишүүн байхад “цагаан”-даа гарсан ч гишүүн байна. Ёстой ичих нүүрээ элгэндээ хэд хэд давхарласан хүмүүсийг энэ ЖДҮ-ийн эргэн тойрон дахь үйл явдлаас бид сайн харж авлаа гэхэд хилсдэхгүй болов уу.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан байна. Тэрбээр угаас ирэх сонгуулиар нэр дэвшихгүй гэж бодсон уу, бүү мэд нэг л гөжүүдэлсэн л хүн явна. Аягүй л бол “намайг сонгоорой, надад нэг л удаа итгэчих” гээд л гоё гоё юмаа яриад л тууж явах вий. “Уучлал гуйх шаардлагагүй, Ерөнхий сайд та нар зээлийг ямар нэгэн юманд зараагүй бол хурдан түүнийгээ төлөөрэй. Зарсан байсан ч мөнгө төгрөгөө олж төлөөрэй гэсэн. Боломжоороо төлөх байх. Бага мөнгө биш шүү дээ” гэж ярьсан даа. Тэрбээр ЖДҮ-ээс 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Хэзээ төлөхөө тодорхой хэлээгүйн дээр их л “пээдгэр” байгаа даа гишүүн минь. Түүний ярьснаас үзэхэд Ерөнхий сайд ЖДҮ-ээс зээл авсан намын гишүүддээ юунд ч ашигласан бай хамаагүй хурдан төлж, уучлалт гуйсан болоодох оо гэж захисан утгатай юм хүүрнэсэн байгаа биз. Тэгэхээр Ерөнхий сайд бас жүжиг тоглочихов уу, эсвэл гишүүн Г.Солтан ташаа хэлчихэв үү. Яахав жүжиг тоглосон эсэхээс үл хамаараад ямартай ч өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадахгүй бол огцрох тухай ам өгсөн нь хийгээд түүндээ хүрэх нь л чухал.
Түүнчлэн Х.Болорчулуун гишүүн 950 сая, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 1 тэрбум, Б.Батзориг гишүүн 1.4 тэрбум, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбум, Н.Учрал гишүүн 950 сая, Б.Ундармаа гишүүн 700 сая, А.Сүхбат гишүүн 950 сая, Д.Сарангэрэл гишүүн 950 сая төгрөг тус тус авчээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан салбарын сайд Б.Батзориг уучлалт гуйж, албан үүргээсээ огцрох хүсэлт гаргаж, өчигдөр чуулганаар хэлэлцэж баталсан. Түүнийг Ерөнхий прокуророос яллагдагчаар татах хүсэлт гаргаж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан энэ талаар өнөөдөр УИХ хэлэлцэж авч үлдэхээр шийдвэрлээд байна.
Одоогоор зээлээ барагдуулсан гэх Н.Оюундарь гишүүн, Ж.Энхбаяр гишүүн нар байна. Мөн 2020 онд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Батзориг нар нэр дэвших эрхээ ийнхүү аваад байгаа юм. Зөвхөн намын даргынх нь шаардлагын хувьд шүү дээ. Юутай ч 2020 онд нэр дэвших "эрх"- ээ авчих шиг боллоо. Ардын нам нь уучилдаг юм байж. Гэхдээ ард түмэн тийм ч амар уучлахгүй байлгүй.
Ер нь албан тушаалаа ашиглан зээл аваад түүнийгээ зориулалтын бусаар ашигласан бол энэ гэмт хэрэг. Зориулалтын ашигласан ч гэмт хэрэг. УИХ-ын тухай хуулинд нь тэгээд заагаад өгчихөж. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуйн нэгж төлөөлөхийг хориглоно гээд. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй шүү дээ. Ерөнхий сайд аа! Танай намын гишүүд олон нийтийн тусын тулд ч бай хуульд харш үйлдэл хийсэн л бол хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулаач. Ядаж намын чинь нэр багахан ч атугай гийж, түмэн олны итгэл сэргэх юм даа.
Б.Лхам
Сэтгэгдэл (35)