ЖДҮДС-ийн булхай илэрч газар авсаар буй. Үүнд хууль баталдаг түшээдээс эхлээд төрийн удирдах томоохон албан тушаалтан хийгээд нэр холбогдохгүй хүн ховор боллоо. Өөрөөр хэлбэл, МАН-ын төр барьсан хоёр жил халагтай, халгаатай хоёр жил өнгөрч байна гэх шүүмжлэл гараад буй.
ЖДҮДС гоё, чамин нэрээр нэрлэсэн бага хүүтэй сангаа өөрсдөө авчихаад иргэддээ арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг үлдээж байна гэх олны дургүйцэл цахим хуудсаар хөвөрсөөр. Энэ нь ч яах аргагүй үнэн боллоо. Тэд өөрсдөдөө зориулж их хэмжээний мөнгөөр төсөвлөж гаргадаг аж. Тухайбал, ЖДҮХС-аас 134 ААН зээл авсны 122 нь УИХ гишүүн болон өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани байсан гэх баримтаас үзвэл шүү дээ.
Харин МАН-ын бүлгийн зүгээс тус сангаас зээл авсан гишүүдээ ёс зүйгүй үйлдэл гаргасных нь төлөө уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Өчигдрийн МАН-ын бүлгийн хурал дээр ч тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Бид уучлал гуйх ёстой гэсэн байр суурьтай хэвээр байгаа. Хэрэв ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийн асуудал хөндөгдөөд ороод ирвэл арга хэмжээ авах тухай яригдана” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зээл авсан гэх гишүүдэд арга хэмжээ авах санал УИХ-д орж ирэхгүй бол хэлэлцэхгүй гэж л ойлгогдож байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд болон МАН-ын бүлгийн дарга зээл авсан гишүүдээ уучлал гуйхыг шаардсан ч одоогоор иргэдээс албан ёсоор уучлал гуйсан гишүүн байхгүй байна. Уучлал гуйх шаардлага байхгүй гэж үзэж байгаа гишүүд ч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Хүүтэйгээ ярьж байгаад ямар ч байсан шат шатаар нь мөнгөө хийгээд явна. Уучлал гуйх талаар би эсрэг бодолтой байна. Уучлал гуйх уу, үгүй юу гэдэг асуудал биш. Мэдээж тухайн аж ахуй нэгж гурав дөрвөн удаа Хөдөө аж ахуйн яаманд уг зээлд хамрагдъя гэх хүсэлтээ олон удаа өгч байж, дараа нь шалгуур үзүүлэлтэндээ хүрч, барьцаа хөрөнгө маш их байж зээлийг авсан байгаа. Хийх гэж байгаа ажил нь ногооны фарм байгуулах юм. Уг нь ЖДҮ-ийн зээлээр ямар үлгэр жишээч юм хийж болдог вэ гэдгийг ард түмэндээ харуулъя гэсэн бодолтой байж байсан юм” гэж ярьсан байдаг. Тэрбээр ЖДҮДС-аас 950 сая төгрөг авсан нь тодорхой болсон юм. Энэ мэт уучлал гуйх шаардлагагүй гэсэн байр суурьтай гишүүд байх шиг байна.
Ер нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хэлснээр ногооны фарм хэрхэн бий болгоход үлгэр жишээ болоод байх шаардлагагүй. Учир нь УИХ-ын тухай хуулийн 37.1.10.т зааснаар гишүүд “бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийн төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийн олон нийтийн тусын тулд ч гэсэн хувьдаа ямар нэгэн аж ахуй нэгж эрхлэхийг хориглодог байна.
Тэгэхээр гишүүд ЖДҮДС-аас хувийн компанидаа мөнгө зээлж авсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл аж. Энэ тухай УИХ-ын тухай хуулинд тодорхой заагаад өгчээ. Уг нь нотлох баримт нь байна. Өөр юу хэрэгтэй юм бэ.
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай саналыг Ерөнхий прокуророос УИХ-ын даргад өчигдөр хүргүүлсэн.
Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 6.9.2-т “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэдэг байна. Тиймээс “Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”.
Харин УИХ-ын тухай хуулийн Зургадугаар зүйлийн 6.8-д “Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Энд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гэжээ. “Но”-гоо мэдэлцдэг улс амархан суудлаа тавихгүй л болов уу. Бараг УИХ-аар Б.Батзориг сайдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал дэмжигдэхгүй байх магадлал өндөр байна.
Ямартай ч УИХ-ын тухай хуулинд ингэж заасан байна. Гишүүдийг хууль зөрчсөн гэх үндэслэл нь баримттайгаа цахим хуудсаар хөвөрсөөр л байгаа. Дан ганц салбарын сайдад нь үүрүүлээд энэ асуудлыг хав дарах биш бусад холбогдох гишүүдэд ч гэсэн “хууль” хэр хүчтэйгээ харуулмаар байна. Энгийн иргэдийг “хэргийг нь шалгаж байна, тэр болтол ажил, амьдралаа зохицуулаад явж бай” гэдэггүй шүү дээ.
Ер нь эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй гэх олны дургуйцэл үнэний ортой юм шиг. Энэ нь гишүүдэд зориулсан үг гэлтэй. ЖДҮДС-тай нэр холбогдсон гишүүдийг илээд өнгөрүүлвэл дээрх үг үнэн гэдэг нь харагдах байх.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)