УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, 76 хувийн саналаар дэмжигдлээ.
Энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн “Бидний тавьсан саналыг нэг хэсэг болгож хариуцлага тооцохоор хуралдаж байгаа учир манай бүлэг орж ирлээ. Бидний тавьсан шаардлагын дагуу УИХ-ын дарга, Засгийн газраас албан ёсны бичиг өгсөн. Энд анхаарах нэг асуудал нь сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэсэн байна. Мөн Засгийн газраас ирсэн албан тоотод ЖДҮДС-аас сайд, гишүүд эргэн төлнө гэсэн нь анхаарал татаж байна. Энд эргэн төлөхдөө гол нь биш. АН-ын У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн огцрох ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. Энэ асуудалд холбогдсон гишүүд уучлал гуйх ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өгсөн хүнийг огцруулъя гээд байх юм авсан хүнийг яах юм бэ. Үндсэн хуульд зааснаар “нэг гишүүнд биш кабинетаар хариуцлага тооцно” гэсэн заалт бий. Өмнө нь Булган аймгийн булган сүүлт сайдыг огцруулсан. Нэг нэгээр нь явуулаад байх юм. Одоо хэлэлцэх асуудлыг хойшлуулж Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентад оруулж ирмээр байна. Намын ажил, намын тушаалыг хийсэн хүн юм билээ. АН-ын Засгийн Газар огцрох ёстой гэсэн байр суурийг дэмжиж байна. Нэг ширээнд тохой нийлүүлж суучхаад ганц хүнийг шийтгэмээргүй байна. ЖДҮДС-аас зээл авсан гишүүд өөрийн хүсэлтээр гишүүний суудлаас татгалзах байх аа гэж найдаж байна” хэмээн ярив.
Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулахдаа “Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Иймд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна” гэв.
Дараа нь тус асуудлаар хэлэлцсэн Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир байнгын хорооны шийдвэрийг УИХ- танилцуулсан юм.
Дараа нь гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, үг хэлэв.
О.Баасанхүү гишүүн “Намын даалгавар байв уу, засгийн даалгавар байв уу. Намын даалгавар бол намаар, Засгийн даалгавар байвал засгаараа нь хариуцлага тооцмоор байна. МАН-ын намын гишүүд, сайд, намын нарийн бичгийн дарга нар ЖДҮДС-аас зээл авсан байна” хэмээхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зээл авсан явдал бол буруу. Өнөөдөр зээл авсан нөхдүүд сууж байна. Ерөнхий сайд, МАН даалгавар өгөөгүй. Би намын шаардлагаар зээлээ буцааж төл уучлалт гуй, алдаагаа зас гэсэн чиглэл өгсөн” гэв.
Л.Болд гишүүн “Нэг сайдын асуудал яриагүй төр, төрийн тогтолцоо цааш явах уу үгүй юу гэдэг зүйлийг ярьж байна. Намын оролцоо байхгүй гэсэн мэдэгдэл хийж байна намын ерөнхий нарийн бичгийн дарга нь оролцсон гэж яриа байна. Үүнийг аргалах туг тахих маягаар явах бололцоо байхгүй. Ерөнхийлөгч цааш үргэлжлэн ажиллах чадамжгүй гэж дүгнэсэн. Энэ асуудалд яаж хандахаас шалтгаалж бид цааш ажиллах чадамж байна уу эсвэл Ерөнхийлөгчийн яриад байгаа шиг чадамжгүй байна уу. Муу нуухаар сайн илчил гэдэг бүх зүйлийг илээр нь хэлэх хэрэгтэй”
Б.Батзориг сайд ХХААХҮ-ийн сайдаар жил хагасын хугацаанд ажиллахдаа зорьж байсан зорилт болон ажлаа дүгнэж хэлээд мөн ЖДҮДС-тай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээж Ерөнхий сайдад чөлөөлөгдөх бичиг өгснөө дурдсан юмаа. Энэ үеэр тэрбээр “Би хайрт ээжээсээ, ард иргэдээсээ, салбарынхнаасаа, хамтран ажиллаж байсан гишүүдээсээ уучлалт хүсч байна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Салбарынхан, ард түмнээсээ уучлалт гуйж байгаа нь зөв жишиг. Монголын улс төрд шинэ жишиг гаргаж чадаж байна гэдгийг хэлээд Ерөнхий сайдаас “Нийгмээс шаардаж байгаа шударга ёс илүү юу, Засгийн газрын нэр хүнд илүү юу” хэмээн асуухад тэрбээр шударга ёсыг илүүд үзэж байгаагаа хэллээ.
З.Нарантуяа гишүүн “65 суудалтай улс төрийн намын удирдагчийн хувьд цааш манлайлж явж чадахнуу, ядаж танхимын гишүүдээ удирдаж явж чадах нуу. Надаас болон манай намын гишүүдээс хууль бус зүйл бүү шаардаарай гэсэн одоо хууль бус зүйл хийгээд байна. Хуульд захирагдана гэсэн тэр хэзээ вэ” асуухад Ерөнхий сайд “2012-2016 онд танай нам ард түмний итгэл найдварыг алдсан учир сонгуульд ялагдсан. Миний хүч хүрэхгүй байна. Тиймээс Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар шүдгүй арслантай ижил байгаа. Шууд очоод хариуцлага тооцож чадахгүй байна. Хариуцлага тооцдог байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол ямар ч ер сайд гараад одоогийнхоос сайжрахгүй. Намын гишүүд санал зөрөлдөнө, зарим зүйлд хэлэх зүйлээ хэлнэ” гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараагаар санал хураалт явуулсан юм.
Р.Хишигжаргал