ЖДҮХС-гийн болон ХХААХҮЯ-ны нэр бүхний дөрвөн албан тушаалтныг ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан АТГ-аас өнгөрсөн баасан гарагт саатуулсан. Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм. Тэгвэл тэднийг хорих хугацааг 30 хоног болгон сунгажээ. Нийслэлийн прокурорийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн юм байна.
С.Нацаг
Сэтгэгдэл (3)