Ханш уналтын талаар иргэд эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийллээ.
Энэ талаар хувиараа бизнес эрхлэгч Б.Түвшинбатаас дараах зүйлийг тодрууллаа.
-Таны амьдралд ханшийн уналт хэрхэн нөлөөлж байна вэ. Монголбанкинд шаардлага хүргүүлж байгаа гэсэн?
Өнгөрсөн есдүгээр сард багш нарын ажил хаялт болсон. Тухайн үед ханш харьцангуй тогтвортой байв. Манай байгууллага гадаад худалдаа эрхэлдэг юм. Гэтэл гадагшаа 500 мянган юань шилжүүлэх гээд мөнгөө цуглуулаад явж байтал долоон хоногийн дотор ханш 10 төгрөгөөр өсчихөж байгаа юм. Юу гэхээр 500 мянган юань Хятад руу шилжүүлэхэд 5 сая төгрөгийн цэвэр алдагдал хүлээгээд байна.
Мөн бид иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах зорилгоор самбар гаргасан байгаа. Өнөөдөр бол шаардлага хүргүүлнэ. Монголбанк хуулийнхаа хүрээнд ажиллаач ээ гэсэн шаардлага тавьж байгаа.
-Бизнес эрхлэгчдийн хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Өнөөдөр тулгамдаж байгаа асуудал их. Тухайбал, Би бизнес эрхлэгч. Нэг компанитай бүтээгдэхүүнээ таван төгрөг гээд долоо хоногийн өмнө гэрээ хийчихсэн байя. Бараагаа 14 хоногийн дотор нийлүүлэхээр байна. Урьдчилгаа мөнгөө тохирчихлоо гэж бодъё. Бизнесийнхээ ашгийг ч мөн тохирчихсон байтал ханш долоон хоногийн дотор 20, 30, 100 төгрөгөөр өсчихөөр надад олох өгөөж нь юу билээ. Энэ л яриад байгаа гол зүйл нь яваад байна.
-Таны хувьд банктай ямар нэгэн зээл, өрийн асуудал байгаа юу. Ялангуяа валютын зээлтэй хүмүүст ийм асуудал тулгараад байх шиг байна?
-Миний хувьд валютын зээл байхгүй. Орон сууцны ипотекийн зээл, жижиг дунд зээл эрхлэх хэдэн төгрөг байгаа. Гэхдээ ханшийн зөрүү гэдэг чинь таван төгрөг олох гэж байгаад буцаагаад гурван төгрөгийн алдагдалтай ажиллахаар хэрэггүй шүү дээ.
-Танайх ямар бизнес эрхэлдэг юм бэ?
-Манайх гутлын бизнес эрхэлдэг. Яг бодит амьдрал дээр болсон үйл явдал учраас бид өнөөдөр үзэл бодлоо илэрхийлээд байж байна. Инфляци, ханшийн зөрүүнээс болоод үл үзэгдэгч гар миний халааснаас авчихаж байгаа байхгүй юу. Над шиг хэчнээн хүн байгааг үгүйсгэхгүй.
-Монголбанкнаас одоогийн долларын ханшийн өсөлтийг огцом өсөлт биш гэж үзээд байгаа шүү дээ?
-Хоёр жилийн өмнө доллар 2000 төгрөг байсан. Гэтэл 560 төгрөг буюу 21, 22 хувь өсчихсөн байхад үүнийг огцом өсөлт биш гэдгийг гайхаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд импортоос 3.5 их наяд төгрөгийн алдагдлыг аж ахуй нэгж, иргэ хуваагаад үүрч байна. Тэгэхээр үүнийг бага гэж байгаа бол харамсалтай л байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)