УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хурлаар өнөөдөр сүүлийн үед улс төрд үүсээд байгаа гол сэдвүүдийг хэлэлцсэн байна.
АН бүлгийн дарга Ж.Эрдэнэбат “АН-ын тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй учир ирэх долоо хоногт дараагийн тэмцэл рүү орох болзошгүй байна. Хэрвээ цаашид ЖДҮДС-тай холбоотой Засгийн Газраас зохион байгуулалттай хийсэн ажлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руу орно. ЖДҮДС-ийн үйлдвэр эрхлэгчдэд очих байсан мөнгийг Засгийн газар сайд, гишүүдтэйгээ зохион байгуулалттай хуйвалдан авсан гэдэг нь сүүлийн үед гарч буй мэдээлэл, нотлох баримтаар ойлгомжтой болсон. Иймэрхүү үйл явц Засгийн Газар, УИХ-д өмнө нь гарч байсныг бид санахгүй байна. Тиймээс ЖДҮДС-ээс мөнгө авсан хүмүүстээ зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэсэн АН-ын шаардлага хэвээр байгаа. Хариу ирсний дараа хуралдаанд оролцоно” гэдгээ илэрхийллээ.
Мөн тэрбээр ярихдаа “Өнгөрсөн долоо хоногт АН чуулганд оролцоогүй байх үед 2019 оны төсвийг баталсан. Энэ төсвийг батлахдаа УИХ-ын гишүүдийн олонхын оролцоогүйгээр баталсан. Эрх баригчид дэгийн тухай хуулийг баримталж ажиллана гэсэн энэ намрын амлалтаасаа дахиад буцсан. Зарим гишүүд байхгүй хүмүүсийн конопыг дарсан. 2019 оны төсөв олонхын саналаар батлагдаагүй гэдгийг төсөв батлагдах үеэр болсон процесс нотолж байгаа. 2019 оны төсвийн талаар АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо бид “Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавиач ээ” гэдэг уриалгыг гаргаж байгаа. Ийм өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломжгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавиул АН дэмжинэ” гэдгийг онцоллоо.
Мөн “Сүүлийн үед шатахууны үнийн огцом өсөлтөөс болж иргэд их бухимдаж байна. Энэ нийтлэг хэрэгцээний буюу шатахууны үнийн өсөлтийн эсрэг байгаа иргэдийн байр суурьтай АН нэгдмэл байна. Ирэх долоо хоногийн улс төрийн үйл явцыг анхааралтай харна. Хэрвээ бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол бид дараагийн тэмцэл рүү орно” гэв.
УИХ гишүүн З.Нарантуяа “Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наяд төгрөгийн төсөв баталж байгаа нь туйлын буруу төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 их наяд төгрөгийн гадаад зээлээр санхүүжигдэх гэж байгаа нь Монгол төрийн бодлого байж яавч болохгүй. Ерөнхийлөгч төсөвт хориг тавих байх гэж бүлэг найдаж байгаа. Хоригийн хүрээнд 370 гаруй зураг төсөвгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Засгийн Газрын 270 гаруй сая төгрөгийн хэмнэж болох дотоод хэрэглээг хэмнэх хэрэгтэй. Халамж тэтгэврийн санг 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа хирнээ ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа санхүү байхгүй, 47 тэрбум төгрөгийг нэлээн хэл ам болж тавих гээд сууж байгаа. Гэтэл өнөөдөр төрөөс ажлын байр, өрхийн бодит амьдралыг дэмжиж зарцуулах гэж байгаа мөнгөний систем тогтолцоо, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн байдал ямар байгааг мэдэж байгаа. ЖДҮДС-тай холбоотой, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ХААДС, Батлан даалтыг дэмжих сан гээд маш олон сангаар хүмүүсийг ажлын байртай болгох ёстой. Гэтэл өнөөдөр 134 мянга 600 хүнд халамж тараагаад амьдралыг сайжруулна гээд сууж байгаа ийм Засгийн Газартай байж болохгүй. Энэ бүх сангуудын зардлыг үр ашигтай байлгахын төлөө энэ сангуудын механизм тогтолцоо, институцийг шинэчлэхийн төлөө Ардчилсан нам байна” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Ирэх онд төсвөөс хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх вэ?
-Ирэх онд төсвөөс 1.2 их наяд төгрөгөөр төсөл арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 800 тэрбум нь өнгөрсөн онд эхэлсэн төсөл арга хэмжээг үргэлжлүүлэх, 600 тэрбум нь шинээр барилга байшин байрихад зарцуулах юм. Өнгөрсөн онд эхэлсэн барилга байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтыг төсвөөс гаргаж болно. Харин шинээр барилга байгууламж барих шаардлагагүй хэмээн манай бүлэг үзэж байгаа.
-ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын тоо өдөр ирэх нэмэгдэж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох чиглэлээр АН-ын бүлэг ямар ажил хийх вэ?
-ЖДҮХС төдийгүй бусад сангаас зээл авсан төрийн албан хаагчдын мэдээлэл илж болж байгаа. Засгийн газрын гишүүд ч үүнд оролцсон байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Манай бүлэг саяхан Хөгжлийн банкны үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг авсан. Тус банк 2017 онд 34 төсөл хөтөлбөрт 341.9 тэрбум төгрөг, 2018 онд 42 төсөл хөтөлбөрт 506.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ бүхнийг нягтлах хэрэгтэй. Мөн Засгийн газрын 29 тусгай сангийн үйл ажиллагааг зогсоож, хөндлөнгийн шалгалт хийх шаардлагатай.
-Шатахууны үнийг бууруулах ямар шийдэл байна вэ?
-Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч байхад манай улсад огт буудаггүй. Энэ бол шударга бус тогтолцоо. Засгийн газраас шатахууны үнийг хууль бусаар нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)