Дорнод аймгийн прокурорын газар 2018 оны есдүгээр сарын 30-ний өдрийн байдлаар анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг хяналтын ажлын чанар, үр дүн, үр нөлөөг сайжруулах судалгаа хийжээ.
Судалгааг хийхдээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг эрүүгийн хэргийн төрөл, ангилал, гэмт хэрэг үйлдэгдсэн орон нутгийн сум, баг тус бүрээр нь нарийвчлан гаргах, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол, гэмтлийн байдал, гэмт хэрэг үйлдсэн субъектын хувийн байдлын талаар нийт 16 үзүүлэлтээр гаргаж ажилласан байна.
Аймаг, орон нутгийн хэмжээнд 2018 оны гуравдугаар улирлын байдлаар анхан шатны шүүхээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” 105, “бусдын эд хөрөнгийг хулгайлах” 38, “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 34, ““хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мал хулгайлах” тус бүр 13, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” 12, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” 10, “хүчиндэх” 7, “хүнийг алах”, “дээрэмдэх”, “хөрөнгө завших” тус бүр 6, “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”, “улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, “залилах”, тус бүр 5, “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” “эд хөрөнгө устгах, гэмтээх” тус бүр 4, “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” 2, “хүүхдийг хаях, төөрүүлэх”, “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох”, “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”, “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”, хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “худал мэдүүлэг өгөх”, “хээл хахууль өгөх, авах” гэмт хэрэг тус бүр 1, нийт 283 эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн байна.
Эдгээр эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэсэн байдлыг судлахад гэмт хэргийн улмаас 669.484.426 төгрөгийн хохирол учирч, хүний биед учирсан гэмтлийн хувьд 126 хүнд хөнгөн хохирол, 33 хүнд хүндэвтэр хохирол, 13 хүнд хүнд хохирол учирч, 21 хүний амь нас хохирсон байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хувьд гэрт буюу ахуйн хүрээнд 89 удаа, гудамж талбайд 73, хөдөө хээр 40, нийтийн замд 34, албан газар, ажлын байранд 12, байрны орц хонгилд 5 гэмт хэрэг гарсан ба гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны тухайд өдрийн цагаар 205, шөнийн цагаар 78 удаа гэмт хэрэг үйлдэгджээ.
Гэмт хэрэг үйлдсэн субъектын хувийн байдлыг судлахад насны хувьд 16-18 насны 10, 18-29 насны 108, 30-40 насны 143, 41-50 насны 44, 51-60 насны 34, 61-ээс дээш насны 3, хүйсийн хувьд эрэгтэй 306, эмэгтэй 36 хүн, нийт 342 хүн эрүүгийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр гэм буруутайг нь хэлэлцэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэгдсэн байна.
Мэргэжил, боловсролын тухайд огт боловсролгүй 39, бага боловсролтой 40, бүрэн бус дунд боловсролтой 82, бүрэн дунд боловсролтой 121, тусгай дунд боловсролтой 19, дээд боловсролтой 41, ажил, сургуульд хамрагдсан байдлын хувьд ажилтай 95, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 16, оюутан 6, сурагч 2, яиар нэгэн ажил, сургуульгүй 223 хүн ял шийтгэгдсэн байна.
Дээрх ял шийтгэгдсэн хүмүүсээс 58 буюу 17.0 хувь нь 1 удаа, 18 буюу 5.2 хувь нь 2 удаа, 13 буюу 3.8 хувь нь 3 удаа, 9 буюу 2.6 хувь нь 4 удаа, 4 буюу 1.1 хувь нь 5 удаа, нийт 102 буюу 30.0 хувь нь өмнө нь ял шийтгүүлсэн, харин 240 буюу 70.0 хувь нь ял шийтгүүлээгүй аж.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг судлахад ихэвчлэн 139 буюу 40.6 хувьд торгох, 77 буюу 22.5 хувьд хорих ялыг, 2 хүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх, 2 хүнд хорих ялыг хойшлуулах, 35 буюу 10.2 хувьд нийтэд тустай ажил хийлгэх, 77 буюу 22.5 хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 3 хүнд эмнэлгийн чанартай арга хэмжээ хэрэглэхгүйгээр, сэтгэцийн улмаас хэрэг хүлээх чадваргүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 3 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 4 хүнийг үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, нийт шүүгдэгчдээс 22 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 13 хүнд тодорхой албан тушаал эрхлэх, буюу нийтийн албан ажиллах эрхийг хасан, 72 буюу 21.0 хувьд нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 18 хүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах, 2 хүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах, 1 хүнд хөрөнгө орлого хураах зэрэг албадлагын арга хэмжээ хэрэглэх, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэжээ.
Б.Лхам