Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг үзэж сонирхов. Түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар ажилласан юм.
Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын үйл ажиллагаатай танилцан, зарим зэвсэглэл, техникийг үзэж сонирхсны дараа тус бригадын хээрийн сургалтын төвийг зорьсон юм. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль төлөвлөгөөний дагуу, товлосон цагт явагдаж дууссаны дараа хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай томилгоот бүлэг шүхрийн буулт, буудлагын төрлүүдийг багтаасан үзүүлэх сургуулийг сонирхуулав. Цэргийн мэргэжлийн өндөр түвшинд явагдсан энэхүү байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь зэвсэг, техниктэй цэргийн ёслолын жагсаалаар өндөрлөв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд амжилттай оролцсон бүрэлдэхүүнд хандаж баяр хүргэж, амжилт хүссэн юм. Түүнчлэн энэ удаагийн сургуулиар манай цэргийн алба хаагчид цэргийн хэргийн мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа ахиулсан нь өндөр ач холбогдолтой боллоо. Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь шинэчлэлийн бодлогыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж байгаагаараа үлгэр жишээ болж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэж, олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад амжилттай оролцож, мэргэжлийн ур чадвараа гадаад, дотоодод илтгэн харуулсаар байгаа нь бахдал төрүүлсэн амжилт юм” хэмээв.
Б.Лхам