Азийн хөгжлийн банк Монгол улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бүс хангамжийн системийг Монголд анх удаа хөгжүүлэх, мөн татварын зохицуулалт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэдээлэл, харилцааны технологи ашиглан сайжруулах зоригоор нийт 85.6 сая ам.долларын санхүүжилттэй хоёр зээл, хоёр тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд Монгол Улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлөн Монгол Улс дахь Суурийн төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурсан юм.
Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурийн төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн ярихдаа “Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгарлуулалтыг бууруулах мөн төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Мөн хүртээмжтэй өсөлтийг дэмжих, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн агуулгатай эдгээр хоёр төсөл яв цав нийцэж байгаа” гэлээ.
Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нар, салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийн Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийх юм байна. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй, нүүрсхүчлийн хийн өндөр ялгаруулалт бүхий цахилгаан импортолдог Монгол Улсын баруун бүсийн алслагдмал аймгуудад амьдарч буй 260 мянган орчим иргэнийг цэвэр эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм байна.
Азийн Хөгжлийн Банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээс гадна Уур амьсгалын стратегийн сангаас бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг, Японы хамтарсан кредит олгох механизмын сангаас зургаан сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг санхүүжүүлэхээр олгож байгаа аж.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)