НИТХ дахь АН-ын бүлгээс тус намын бүлгийн дүгнэлтийг танилцуулаа.
АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны 66 хувийн биелэлтийг илэрхийлэх, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг дүгнэн хэлэлцэж байна. НИТХ пахь АН-ын бүлэг 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг тал бүрээс нь нухацтай хэлэлцлээ. Та бидний дүгнэж буй нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц 86.7 хувийн биелэлттэй гэж харагдаж байгаа ч Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилгыг биелүүлээгүй байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит байдалд хэрхэн хөгжсөнийг та бүхний дэвшүүлсэн таван зорилтын хүрээнд цөөхөн жишээ дурдая.
Нэгдүгээрт, “Эдийн засгийн өсөлт–өрх бүрт бодлого”. Хотын удирдлагууд иргэдийн орлого өссөн, амьдрал сайжирсан, ажилгүйдэл буурсан эдийн засгийн өсөлт өрх бүрт хүрч байна хэмээн Эдийн засгийн өсөлт–өрх бүрт бодлогын зорилт 87,7 хувийн биелэлттэй дүгнэжээ. Харин амьдрал дээр айл өрхийн бодит орлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2.8 хувиар буурсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, жирийн иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. 500 мянган төгрөгийн цалинтай нэг багшийн орлогыг доллараар шилжүүлж бодоход 2016 оны 10 сарын байдлаар 216 доллар байсан бол 2018 оны 10 сарын байдлаар 193 доллар болж орлого нь буурсан байна. 2016 онд А92 бензин 1730 төгрөг байсан бол 2018 онд 2010 төгрөг болсон нь өрх бүрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилт та бүхний дүгнэсэн шиг 100 хувь биелээгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгож, үйлдвэрлэл хөгжүүлсэнээр үр дүнг тооцох ёстой болохоос биш, нэг ч төгрөгийн зээл гаргаагүй, журам боловсруулсаны төлөө зорилт 100 хувь хэрэгжсэн гэж үзэх үндэсгүй юм. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн зээлд зориулах ёстой байсан 3 тэрбум төгрөг иргэддээ хүрч, чадахгүй буцаагдаж байна.
Хоёрдугаарт, “Хот байгуулалт, дэд бүтцийн бодлого”. Хот төлөвлөлт, дэд бүтцийн бодлогыг хэрэгжүүлэх 94 ажил төлөвлөж хэрэгжүүлсэн нь 81,3 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна. Гэтэл нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдарч буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 2 жил тодорхой санаачилга гаргасангүй.
Такси үйлчилгээг хөгжүүлэх 700 сая төгрөгийг төсөвлөсөн ч бодитой ажил хэрэг болоогүй байгааг бид харж байна. Дэлхийн хотуудын жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногддог бол манай 2000 хүнд 1 такси ногдож байна.
Гуравдугаарт, “Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого”. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг 88,2 хувиар хэрэгжлээ гэж дүгнэсэн байна. Нийслэлийн орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах, хог хаягдлыг ангилах, боловсруулах, худалдан авах менежмент хийх ажлууд хэтэрхий удааширч байгааг бид харж байна. Нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирдолтой, эвдрэлтэй байна.
Хот тохижилтийн зардалд нийслэлийн төсөв хөрөнгийг харамгүй тавьж байна. 2016 онд 23 тэрбум төгрөгийг хот тохижилтын ажилд зарцуулж байсан бол 2018 онд 40 тэрбум төгрөгийг төсөвлөж зарцуулсан. Харин өнөөдөр стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ гэдэг заалтууд байна. Төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааны чадавхийг сайруулна, нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах зорилтууд 100 хувь хэрэгжсэн гэх боловч бодит байдал ямар байгааг нийслэлчүүд өнөөдөр харж байна. Дөрөвдүгээрт, “Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого”. Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх 122 ажлыг 91,5 хувиар биелүүлсэн гэж дүгнэлсэн байна. Бодит байдал өөр байна. Нийслэлийн хүн амын 32 хувь нь хүүхэд боловч хотод хүүхдийн эрүүл мэндийн төв нэг ч байхгүй байна. Агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа нь хүүхдүүд байна. 2018 онд барихаар төлөвлөсөн 52 цэцэрлэг, 34 сургууль дөнгөж 3 сургууль ашиглалтад орсоныг тайланд дурдсан байна. Хүн ам нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй хотод нийгмийн үйлчилгээг жил бүр тэгш хүртээх ёстой гэж бид үзэж байна.
Тавдугаарт, “Засаглалын бодлого”. Засаглалын бодлого зорилтод тусгагдсан 58 ажил 82 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. Гэтэл дүүргүүдэд нийт есөн орлогч байх ёстой байтал 14-өөр нэмэгдүүлж 23 болгосоныг аудитын байгууллага дүгнэжээ. Иргэддээ үйлчилдэг ухаалаг төрийн үйлчилгээ, оновчтой бүтэц, хариуцлагатай албан хаагч гэх сүржин нэртэй зорилтууд цаасан дээрээ үлдэж, бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг аудитын байгууллагын дүгнэлтүүд гэрчилж байна” гэв.
Түүнчлэн 2017, 2018, 2019 онд Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлууд нь гурван жил дараалан “Эхлүүлнэ” гэсэн зорилттой давхардсаныг хэлж байна. Тухайлбал, Үндсэн чиглэлийн томоохон 20 орчим зорилт гурван жил дараалан “Эхлүүлэх” агуулгатайгаар үндсэн чиглэлд тусгагдаж, 100 хувиар биелжээ.
Тиймээс нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц 86.7 хувиар дүгнэгдэх түвшинд өндөр үнэлгээ авахааргүй хангалтгүй гэж НИТХ-ын АН-ын бүлгээс дүгнэв.
Б.Лхам