УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ болж өнгөрлөө. Тэрбээр энэ жил тойргийнхоо 28 оюутан залуусыг шалгаруулж сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулж буй юм.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийг олгохдоо оролцох хүсэлтэй залуусын дунд хэд хэдэн шалгуур тавьдаг байна. Тодруулбал, эсээ бичих, ярилцлаганд орох, илтгэх урлаг зэргээр Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Азийн судалгааны хүрээлэн, “Эргэх холбоо” ТББ зэрэг байгууллагууд шалгаруулдаг байна. Энэ жилийн хувьд 200 орчим оюутан залуус материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 100 орчим залуус тэнцэж, үүнээс ярилцлагаар 28 оюутныг шалгаруулжээ.
Сургалтын төлбөрийн дэмжлэгт нэг сая төгрөг гардуулж буй бөгөөд үүнд оюутны өөрийнх нь сурах хүсэл тэмүүлэл болоод ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үздэг байна. Тэтгэлэгт хөтөлбөрт бизнес эрхэлж байгаа байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд мөн хамтран ажилладаг ба урамшуулахаас гадна ажлын байраар хангадаг давуу талтай аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хүн хөгжвөл, улс хөгжинө. Би өөрөө суманд өсч төрсөн болохоор тухайн үед залуучуудыг дэмжих хөтөлбөр үгүйлэгдэж байсан юм. Энэ хүрээнд “Хэнтийг манлайлна” гэх хөтөлбөр хийсэн. Эхний гурван оролцогч АНУ, Хятад, Япон зэрэг улс руу очсон. Мөн Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа. Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт түүхэнд анх удаа улсад эхний гуравт орж байна. Энэ жил Хэнтий аймагт ирсэн жуулчдын тоо өнгөрсөн 10 жилд ирсэн жуулчдын тоотой тэнцэж байгаа юм. Тэгэхээр бодит үр дүнгээ өгч байна гэж харж байгаа. Жуулчид очно, тэнд хүмүүс ажиллана. Орон нутаг хөгжинө. Үе солигдох ёстой. Тиймээс залуучуудаа дэмжих хөтөлбөрийг хийж байгаа юм. Эхний хоёр жил их амжилттай болсон учраас урамшиж байгаа. Удахгүй Тайвань, Япон, Өвөр Монгол руу явуулах зэрэг олон боломжуудыг хайж байна. Эхний 10 орчим залуучууд Өвөр Монголд бүтэн тэтгэлэгт хөтөлбөрөөр морины цирк үзүүлбэрийн чиглэлээр суралцаж байна. Энэ нь буцаж ирээд морины соёлыг түгээх зорилготой. Маргааш Батноров суманд “Талын түмэн адуу” гэх аялал жуулчлалын өвлийн үзүүлбэр эхлэх гэж байна. Энэ мэтчилэн хүний нөөцийн асуудал манай улсад туйлын чухал байна гэж бодож явдаг. Шилдэг боловсон хүчингүүд эх орондоо сайхан ажиллаасай. Солонгос руу очиж боловсон хүчнүүд ажилладаг энэ асуудал бидний үеэр дуусаасай гэсэн үүднээс энэ тэтгэлэгт хөтөлбөрийг явуулж байгаа юм” хэмээн ярьсан юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)