УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон учраас тарах ёстой гэсэн шаардлага, хүсэлтийг хүргүүлээд байгаа. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалт бий. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ гэсэн заалттай. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр гэдэг заалт байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тарах нөхцөлүүдийг Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн байна гэж ойлгож болно. Мөн Ерөнхий сайдыг УИХ-д 45 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, томилж чадаагүй бол бас тарна. Ийм хэдэн үндсэн заалт байна. Өнөөдөр АН-ын бүлэг энэ удаагийн УИХ-ын үйл ажиллагаан, Байнгын хорооны хуралдаан түр хугацаагаар оролцох боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлж хурлыг орхиж гарсан. Үүнд хоёр, гурван шалтгаан байна.
Нэгдүгээрт УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьж байгаа шаардлагыг яаралтай хэлэлцэх ёстой гэж бид харж байгаа. Бас УИХ-ын хуралдаанд сууж, бүх юм хэвийн мэт дүр эсгэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийг яаралтай шийдэж, УИХ-ын гишүүд асуудалд холбогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо яаралтай хуралдах ёстой. УИХ-ын дотоод хариуцлагын систем ажиллах ёстой гэж олон түмэн шүүмжилж, шаардаж байгаа. Миний хувьд, АН-ын хувьд УИХ-ын гишүүд асуудалд холбогдсон гэж үзэж буй бол нэгдүгээрт, хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа явуулаад шалгах ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын Дотоод хяналтын байгууллагаа яаралтай хуралдуулж, дүгнэлт гаргах ёстой гэдэг байр сууриа илэрхийлж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн тавиад байгаа гол асуудал нь 2019 оны төсвийг батлахдаа УИХ гишүүдэд мөнгө хуваарилах замаар тэдний амыг барьсан, улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсан өөрөөр хэлбэл, улсын эдийн засгийг сүйрүүлж байна гэдэг шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнийг иргэн хүн хэлээгүй. Х.Баттулга гэх Монгол Улсын Ерөнхийлөгч хүн хэлж байгаа учраас төсвийн хуулийн асуудлаар УИХ өөрөө санаачилж, хүлээн авч нээлттэй сонсгол, нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагатай гэх ийм байр суурийг УИХ-ын дарга руу хүргүүлж байна.
Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгах, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч намын албан тушаалтнууд С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хааж байна гэх ийм хууран мэхлэлтийг хийж байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)