Өнгөрсөн 29-ний өдөр буюу даваа гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх тухай санал ирүүлсэн. Үүнд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг нэг үгээр бол шаардаж буй юм. Хэрэв УИХ өөрөө тарах шийдвэр гаргахгүй бол өлсгөлөн зарлахаа ч мэдэгдээ байгаа.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн шаардлага уг нь зөв. УИХ-ын гишүүдийн “Лобби” хэрээс хэтэрч байгааг бид цөм ажиглаж байгаа. Ундууцаж байгаа. Гэхдээ өлсгөлөн зарлах хэмжээнд олон нийтийг өдөөж болохгүй. Угаас УИХ тийм ч амар тарна гэдэг мөн юу л бол. Гишүүд бол эсрэг байр суурьтай байгаа харагдсан. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа зэрэг дийлэнх гишүүд санал нэгтэй төгөлдөржүүлсэн парламентын засаглалын хэлбэр бидэнд хэрэгтэй гэдгээ мэдэгдэж байв.
Ер нь засаглалын хэлбэр ямар байх талаар сүүлийн үед их яригдаж байгаа. Энэ хүрээнд эрдэмтэн судлаач, иргэдийн дунд ч маргаантай сэдэв нь болоод буй. Засаглалын хэлбэрийн тухайд гишүүд парламентийн засаглалыг төгөлдөржүүлэх тухай санал нэгдэж байгаа бол Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид мэдээж ерөнхийлөгчийн засаглал манай улсад тохирно гэсэн байр суурьтай байгаа нь ажиглагдсан. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлгийн үеэр дурдсан юм. Хоёр талын зөрүүтэй байр сууринаас үүдэн иргэд ч өөр өөрийн үзэл бодлоо цахим хуудсаараа илэрхийлсээр байгаа.
Ерөнхийлөгчийн өлсгөлөн зарлана гэх сургаар түүнийг дэмждэг цөөнгүй хүн үүнд нэгдэнэ гэдгээ илэрхийлээд буй. Гэхдээ ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон төрийн тэргүүн нийтийг турхирч, өдөөж байгаа нь өөрөө зохисгүй үйлдэл. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай холбоотой асуудал, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, засаглалтай холбоотой асуудал байгаа юу гэвэл байгаа. Олон зүйл дээр би Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг хийхийн төлөө Монгол Улсын төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн парламентыг тараана гэх хандлага гаргаж болохгүй гэж бодож байна. Энэ нь бидний бодож байгаагаас өөр үр дагавар дагуулах эрсдэлтэй гэж харж байна. Магадгүй засаглалын хэлбэрээс болж иргэдийн хооронд мөргөлдөөн үүсвэл яах вэ? Манай улс парламентын засаглалаас татгалзах замаар үүнийг хийж огт болохгүй. 1991 оны хувьсгалыг тайван замаар хийж байсан. Үүний хүчинд өнөөдөр бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй амьдарч байгаа. Үндсэн хуульд засч сайжруулах зүйл байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг засахдаа Ерөнхийлөгчийн хэлж байгаа шиг ийм замаар хийж болохгүй. Авлига, албан тушаалтай холбоотой хэргийг болон тусад нь авч үзэх ёстой. Үүнийг ашиглаад Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Ерөнхийлөгчийн засаглал руу ил болон далд хэлбэрээр санаархдагаа зогсоох хэрэгтэй. Сархад савнаасаа халина гэж байдаг. Монголчуудын язгуур эрх ашгийг бодох ёстой” гэсэн юм. Түүнчлэн АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны дэргэдэх С.Эрдэнэболд Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаа юм.
Мэдээж Ерөнхийлөгч өөрөө өлсгөлөн зарлахгүй. Өмнөөс нь өлсгөлөн зарлах хүмүүс эхнээсээ тодорч байгаа харагдсан. Тухайлбал, Ардчиллын анхны дөрвөн эвсэл болох Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Монголын оюутны холбооны гишүүд УИХ ямар нэгэн болзолгүйгээр тарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж албан ёсоор мэдэгдээд байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн Ерөнхийлөгч өөрийн санаархал өөрөөр хэлбэл, эрх мэдлээ тогтоох гэж байна гэх хардлага бий. Учир нь Монголын Ардчилсан холбооны тэргүүн нь Х.Баттулга. Ард түмнийг хэрхэн өдөөн босгож болох бүхий л аргаараа Ерөнхийлөгч үзэж байх шиг.
Ерөнхийлөгч удаах хөндсөн асуудалдаа азаа шалгана л болж байна. Энэ хүрээнд өөрийн санаагаа чадах чинээгээр олон хүнд дурдаж, ухуулж буй. Гэвч зөв юм ярихын сацуу хазайгаад карьераа унагачихдаг тал Ерөнхийлөгчид бий. Тухайлбал, аравдугаар сарын 10-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагуудтай уулзаж, ярилцах үеэрээ бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа хүчирхийллийн гэмт хэрэг гарч байгааг хатуу сануулга өгсөн ч Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр ташаа мэдээлэл гэдгийг цахим хуудсаараа дамжуулан залруулга хийж байв. Энэ удаа мөн л өргөн барьсан асуудал нь зөв ч бас л ташаарчихав уу. УИХ тийм ч амар бялуугаа булаалгачихгүй гэдгийг мэдсээр байж ямар үр дүнд хүрнэ гэж өлсгөлөн гэх ухуулга олон нийтэд тарааж буй юм бол. Мэдээж намын явуулга гэж харах хүн олон бий.
Үүгээр дамжуулж УИХ-ыг тараана, парламентын засаглалыг нураана гэж байгаа бол үүн шиг эндүүрэл байхгүй. Эв нэгдлийн илэрхийлэгч ийм зүйлд иргэдээ турхирч болохгүй.
Ерөнхийлөгч нь суулт зарлана гэдгийг сонссон бусад улс тийм ч сайшаалтай хүлээж авахгүй л болов уу. Олгой хагаравч тогойн дотроо гэдэг шиг гадаад харилцаанд, өөрөөр хэлбэл, манай улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Дээрээ ийм тэмцэлдээнтэй байхад манай улсыг зорьж хэн хөрөнгө оруулахав.
Б.Лхам
Сэтгэгдэл (21)