УИХ-ыг хугацаанаасаа өмнө тараах саналаа Ерөнхийлөгч парламентад хүргүүлээд байгаа. Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат “УИХ-ыг тараах тухай УИХ-ын даргатай зөвшилцсөн нь хуулиар олгогдсон бүрэн эрх. Өнөөдөр АН-ын бүлэг тодорхой байр суурь, мэдээллийг аваагүй байна. Мэдээж үүнийг судлах шаардлага үүснэ. УИХ-ын асуудал гэж бодохгүй байна. Эхлээд УИХ-ын даргатай зөвшилцөх нь зүйтэй байх хэмээн бодож байна. Зөвшилцсөний дараа УИХ руу орох, үгүйг АН ярилцаж байгаад гаргана” гэсэн байр суурьтай байгааг илэрхийллээ. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах шийдвэр хэвээрээ байгааг ч хэлж байв.
Ж.Эрдэнэбат гишүүн “Энд хувь улстөрчийн байр суурь хэмээн хатуу илэрхийлэх боломж байхгүй гэж харж байна. Энд Үндсэн хуулиар хамгийн том төрийн эрх барих дээд байгууллагын эрх яригдаж байгаа учир энд улс төрийн шийдвэр алч бүлэг, гишүүдийн хувьд бүлгийн улс төрийн намын шийдвэр дээр энэ асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа. УИХ сонгогдсоноосоо хойш хангалтгүй ажилласан гэж дүгнэж байгаа” хэмээв.
Ж.Батзандан гишүүн “Тарах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. АН-ын бүлэг рүү энэ саналаа оруулна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ерөнхийлөгч хууль санаачлах түүнчлэн УИХ-ыг тараах хуулийг өргөн барих эрхтэй. Харин үүнийг хүлээж авах эсэхийг УИХ-ын гишүүдийн саналаар шийднэ. Өнөөдрийн байдлаар МАН-ын бүлэг олонх байгаа энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн гаргаж буй санал дэмжигдэхгүй байх” гэв.
Харин МАН-ын зүгээс Б.Бат-Эрдэнэ “Нэгэнт өргөн барьсан учир УИХ-аар хэлэлцэх байлгүй. Би Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй. УИХ ажлаа сайн хийж байгаа” хэмээн ярив.
Ё.Баатарбилэг гишүүн “УИХ-ын онцгой бүрэн эрх нь Улсын төсөв батлах байдаг. Тэр агуулгаараа УИХ, гишүүд ажлаа хийж байгаа юм. Мандатаар сонгогдсон гишүүд өөрсдийн тойрогт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө асуудлыг хөнддөг. Тэр асуудлын хувьд УИХ гишүүд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Маш хүнд байсан эдийн засгийг өөд нь татаад явж байна. Ерөнхийлөгчийн оруулж ирж буй саналыг 65 бүлэг буюу манай УИХ аль болохоор дэмжиж байгаа. Санал болгоныг нь няцаагаад байгаа асуудал байхгүй. МУ-д төрийн үймээн гарах ёсгүй. Тиймээс хууль бусаар засгийн эрх авч болохгүй. Энд Монгол Улсын цаашдын эдийн засаг, хөгжлийн асуудал байдаг учир би Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй” гэв. Мөн М.Билэгт гишүүн “УИХ-ын сонгуульт хугацаа дуусахад нэг жил хагасын хугацаа үлдсэн учир УИХ тарах нь ард түмэнд өгөөжгүй” хэмээн харж буйгаа хэллээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)