УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед өрнөөд байгаа улс төрийн халуун үйл явдлуудтай холбоотойгоор өөрийн байр сууриа Zarig.mn сайтад илэрхийлжээ. Монгол Улсын засаглалын хэлбэрийн талаар Zarig.mn сайтад нийтэлсэн түүний байр суурийг хүргэе. Тэрбээр, “Авлигатай холбоотой асуудал, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, засаглалтай холбоотой асуудал байгаа юу гэвэл байгаа. Олон зүйл дээр би Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж байсан. Гэхдээ энэ бүх зүйлийг хийхийн төлөө Монгол Улсын төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн парламентыг тараана гэх хандлага гаргаж болохгүй гэж бодож байна. Энэ нь бидний бодож байгаагаас өөр үр дагавар дагуулах эрсдэлтэй гэж харж байна. Магадгүй засаглалын хэлбэрээс болж иргэдийн хооронд мөргөлдөөн үүсвэл яах вэ? Манай улс парламентын засаглалаас татгалзах замаар үүнийг хийж огт болохгүй. 1991 оны хувьсгалыг тайван замаар хийж байсан. Үүний хүчинд өнөөдөр бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй амьдарч байгаа. Үндсэн хуульд засч сайжруулах зүйл байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг засахдаа Ерөнхийлөгчийн хэлж байгаа шиг ийм замаар хийж болохгүй. Авлига, албан тушаалтай холбоотой хэргийг болон тусад нь авч үзэх ёстой. Үүнийг ашиглаад Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Ерөнхийлөгчийн засаглал руу ил болон далд хэлбэрээр санаархдагаа зогсоох хэрэгтэй. Сархад савнааса халина гэж байдаг. Монголчуудын язгуур эрх ашгийг бодох ёстой” гэсэн юм.
С.Нацаг
Сэтгэгдэл (13)