Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог. Гэтэл уг зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан. Үүнийг Ардчилсан намын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй зээл олгосон хэмээн харж байгаагаа илэрхийлээд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүний ярьснаар “Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн аж ахуй нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас 2016 онд 57.6 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан. Гэтэл илтэд ашиг сонирхлыг зөрчилтэй эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршгаар 2019 оны улсын төсөвт Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан” гэв.
Мөн тэрбээр “Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч энэ сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг шаардаж байна. Хэрвээ энэ сарын 30-ны дотор хариу ирүүлэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул манай бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд болон бусад байнгын хороодод оролцохгүй. Бүр цаашлаад улс төрд хэрэгжүүлж болох дараагийн арга хэмжээг авах болно” гэлээ.
Харин АН-ын дарга,УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр ээлжит бус шуурхай хуралдаад байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн үед ноцтой зөрчил хэвийн үзэгдэл болох тийшээ хандаж байна. Өнөөдөр хэн дуртай нь шатахууны үнийг нэмж, ам.долларын ханш улам бүр гаарч байна. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаас дөнгөж 30 хувийг хийсэн. Тиймээс Ардчилсан нам улс төрийн сөрөг хүчний хувьд идэвхтэй үйл ажиллагаанд шилжих шаардлага үүссэн гэж үзсэн. Эрх баригчид валютын ханш, шатахууны үнийг тогтвортой байлгахын төлөө юу хийснийг бид тодруулах болно. Ханшийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Цалин тэтгэвэр нэмж байгаа мэт харагдаж байвч бодит орлого буурсан. Өнөөдөр дундаж цалин 100 гаруй ам.доллароор буурчээ. Улс орны эдийн засгийн бодлого уналтад орлоо. Бид тэвчиж, дуугүй суух боломжгүй боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хэдэн гишүүний нэр ил гарч байгаа ч, МАН-ын 40, 50 гишүүн зээл авсан байж магадгүй байна. Төсвөөс янз бүрийн хэлбэрээр зээл авдаг, тендер завшдаг, гүйцэтгэл байхгүй мөнгө угаасан хэргүүдийг бид ил гаргах болно. Цагдаа тагнуулд өгөх болно. Аудитын байгууллага сул ажиллаж байна. Ерөнхий аудитор өөрөө олон зуун сая төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Ийм байхад мөнгө санхүүгийн асуудалд хэн хяналт тавих вэ.Бид хэдэн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бүх орлого, зарлагыг ил гаргах ёстой. Энэ санд олгосон 200 тэрбум төгрөг бол татвар төлөгчдийн мөнгө юм” хэмээн ярьсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (11)