Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд болж байна.
Зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Биеийн тамир, спортын тухай хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгджээ.
Тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл зэрэг 500 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ үеэр Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар олимпийн анхны медальтнуудад хүндэтгэл үзүүллээ.
Энэ онд Монгол улс олимпоос медаль хүртсэний 50 жил, олимпийн аваргатай болсны 10 жилийн түүхэн тэгш ой тохиож байгаа юм. Энэхүү ойд зориулж БСШУСЯ, ЗГХА-БТСГ олимпийн анхны медальтнуудаа мөнхлөн алдаршуулах зорилгоор Монгол банкны эрдэнэсийн санд захиалж цэвэр мөнгөн зоос урлуулжээ.
Тус хүндэтгэлийн зоосыг МУАБ, МУГТ олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, МУАБ, МУГТ, олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбатын гэр бүл, МУГТ, олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга Т.Артагийн гэр бүлд гардуулан өгсөн юм.
Олимпийн анхны медальтан, ардын багш, МУГТ Ч.Дамдиншарав “54 жилийн өмнө анх Токиогийн олимпод оролцохдоо бидний хэдэн нөхөд "Дараагийн олимпоос медаль авах боломжтой юм байна" гэж үзсэн. Энэ зорилтынхоо дагуу идэвхтэй бэлтгэл сургуулилт хийсний хүчинд дараагийн олимпоос манай тамирчид дөрвөн медаль хүртэж монголчуудаа баярлуулж байлаа. Монголчуудын хүсэн хүлээж байсан олимпийн алтан медалийг 10 жилийн өмнө Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр хүртсэн. Тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулж, үргэлж дэмжиж ирсэн төр засагтаа баярлалаа” хэмээн ярив.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)