УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн, 77,8 хувийн саналаар дэмжигдлээ.
Хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “Иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Монгол Улсын хууль тогтоомжид зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм. МИАТ компанийн зардлын 27 хувийг шатахууны үнэ эзэлдэг. Иймээс шатахууны үнийг тогтвортой байлгах, хямдруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ чиглэлд анхаарч ажиллана” хэмээн ярив.
Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.
Р.Хишигжаргал