Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар хүрэлцэн очсон бөгөөд тус аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар угтан авсан байна.
“Могол ноос” ХХК нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Тус үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байна.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал орон нутгийнхаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дүрэмт хувцсыг тус үйлдвэрийн хийсэн дүрэмт хувцсаар хангах бодлогыг баримтлан ажиллаж байна.