Төсвийн байнгын хороо өнөөдөр 57.9 хувийн ирцтэй хуралдаж, Төсвийн тогтвортой байдлыг хангах гишүүдээ томиллоо.
Төсвийн байнгын хорооноос Б.Даваасамбуу, Ё.Мөнхбаатар нарыг дэвшүүлж баталсан бол Засгийн газраас Ш.Гунгаадорж, Э.Бямбажав нарыг Монголбанкнаас Б.Баярдаваа, А.Энхжин нарыг санал болгож томиллоо. Харин Төслийн тогтвортой байдлын хараат бус гишүүнээр Г.Алтанзаяа, Д.Сувдмаа, Ө.Эрдэнэбаяр нар томилогдлоо.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Томилогдож буй Б.Даваасамбуу, Ш.Гунгаадорж, Э.Бямбажав, Ё.Мөнхбаатар гээд энэ хүмүүстэй яриад байх юм алга. Ерөнхий сайд, Сангийн сайд, Байнгын хороо салбарынхаа үр ашгийг мэдэж байгаа хүмүүс. Монголбанкнаас мөн сайн ажиллаж байгаа залуучууд томилогдож байна. Төсвийн байнгын хороог удирдаж байгаа Чойжилсүрэн, Сангийн сайд нар ийм тогтвортой байдлын зөвлөл байгуулъя ярьж. Төсөв мөнгө замбараагаа алдлаа үүнийг эмх цэгцтэй болгоё гэж санаачлага гаргасныг өнөөдөр дэмжиж байгуулагдаж байгаа. Бид өнгөрсөн жилд хуульд нэг зүйлийг нэмсэн энэ төсвийг эмх цэгцтэй болгохын тулд ядаж дур зоргоороо нэмдэг байдлыг болъё гэсэн. Энэ жилээс эхлээд төсөв дээр ямар нэгэн асуудал нэмэх юм бол яг түүндээ тэнцэх хэмжээний мөнгө төсвөөс хасдаг энэ урвуу порпорцниналь зарчмыг оруулж ирсэн. Мундаг зөвлөл биш боловч эхний алхам хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа төсөв өнөөдөр хүндэрлээ, төсвийн алдагдал бий боллоо, төсөв ачааллаа даахгүй боллоо гэдэг асуудал яригдаж байгаа нь төсвийг анх бүрдүүлж оруулж ирж, өргөн барьж байгаа процесстой шууд холбоотой байдаг. Өнөөдөр 2019 оны төсөв өргөн баригдаад өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Бас л орлого гэдэг дээр баахан мөрөөдлийн жагсаалт бичээд яг түүнтэйгээ дүйцүүлэх зарлагаа бичиж оруулж ирдэг. Ингэхээр яадаг вэ гэхлээр орлого байхгүй болохоор төсвийн алдагдал бий болдог. Төсвийн тодотгол хийдэг. Ингээд төсөв өссөөр яваад өнөөдөр эдийн засагт, улс оронд дарамт болох хэмжээний болчихсон ийм буруу жишгээр ажиллаж ирсэн. Үүнийг хазаарлаж, цэгцтэй байлгахын тулд энэ зөвлөл байгуулагдаж байгаа гэж ойлгож байгаа” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Томилогдож буй гишүүдийг сайн муу гэж шүүмжлэх юм алга мэргэжлийн хүмүүс. Дүрмийн дагуу ерөнхий шаардлага хангасан хүмүүсийг оруулж ирж байгаа юм болов уу гэж харж байна. Төсөв тогтворгүй болсон учраас төсвийн тогтвортой байдлын хуулийн хэрэгжилтэд шаардлага тавиулахаар төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулж байна дүрэмд заасан байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зөвхөн дүгнэлт болон зөвлөмж гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлдэг, Монголбанк, Сангийн яам бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилладаг ийм л байгууллага. Яг Авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлтэй адил. Зөвлөмж хүргүүлдэг, дүгнэлт гаргадаг. Та бүхний зөвлөмж дүгнэлтийг хүлээж авахгүй бол яах вэ. Монголын төрийн зовлон энэ болчхоод байна. Бүгдээрээ дүгнэлт гаргадаг, зөвлөмж хүргүүлдэг. Хүний эрхийн комисс гэж сайхан байгууллага байгуулсан зөвлөмж гаргадаг, дүгнэлт хүргүүлдэг. Уг нь энэ айх ёстой байгууллагууд, гэхдээ дүрэм нь энэ байгууллагыг мухар хутга шиг болгочихжээ” хэмээн ярив.