Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоны “нэг жилийн ой” маргааш болно. Түүний Ерөнхий сайд болсон зам дэндүү адармаатай, бас аюултай гэмээр байснаараа онцлогтой. Парламентад 65 суудалтай намын олонхийг намын гаднаас нэг “товарищ”, тэр тусмаа сөрөг хүчнээс нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгчтэй улайм цайм хавсайдаж намынхнаа багцалж байлж Ерөнхий сайд болно гэдэг амархан гэж үү. Нэг намар тэр нам дотроо ганцаардаж байснаа дараагийн намар нь намынхнаараа тойрон хүрээлүүлнэ гэдэг хүн бүрийн амьдралын нэг жилд тохиож багтах хувь заяа биш.
Тэрбээр 16 хоногийн дотор танхимаа бүрдүүлсэн. “Улс төр гэдэг чинь сүргээрээ тоглодог тоглоом” гэх галзуу тэнэг хэлц энэ танхимыг бүрдэхэд дуулдаж билээ. Өөрөө хэлээгүй байгаасай л гэж найдахаас. Түүний танхимынхныг дүгнэх илүүц, бидний нүдэнд ил байна. Харин хамгийн эхний итгэлийн цучлыг найзууддаа өгсөн албан тушаал нь хоромхон зуур унтрааж билээ.
“Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана” гэсэн туг үгтэйгээр ажлаа эхэлсэндээ одоо харамсдаг ч байж мэднэ. Учир нь түүний Засгийн газрын үед Зам тээврийн хөгжлийн яаманд “нэг дарга нөгөөгөө хөнөөчихсөн”. Яаралтай мэдэгдэл хийж хоёр дагуулаа дэргэдээ суулгаад хариуцлага тооцохоо мэдэгдсэн ч түүхэнд байгаагүй муухай жишээ яах аргагүй олон нийтийн ой санамжид бичигдэж үлдсэн. Нэр бүхий албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдлоо. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хоёрын хоёр Ерөнхий сайд асаныг хорьж “үзэв”. Н.Алтанхуяг шиг Хууль зүйн сайдаа дагуулаад очиж эргэдэггүй юм аа гэхэд эрүүл мэндэд нь санаа тавьж л байсан байгаа даа.
Бүтээн байгуулалтаар байлдан дагуулъя гэсэн түүний сэдэл тун дажгүй. Шатахууны үнэ өсч байсныг ч хэлэх үү, Дорнодын Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барих шав тавихад ч яг одоо олгойдоод цутгах мэт чимээгүй л байцгаав. Цэвэрлэх байгууламжийг яаралтай барих дэндүү давчуу хугацаа өгснийг нь “толгойтой нь ярих учраас” БХБ-ын сайд орон орноос бадар барьж “хамгийн мууг нь” сонгосон. “Хамгийн муу” гэхийн учир нь “толгойтойгоо үлдэх”-ийн тулд дэлхийд байхгүй богино хугацаанд түүхий төслөөр хийчих айл Хятадаас өөр олдоогүй юм.
“Долоон төрлийн татвар нэмсэн” муу мэдээтэйгээр сайн эдийн засгийг өвлөж авсан У.Хүрэлсүх хаа очиж эдийн засгаар хашгичаад байдаггүй ч өнгөрсөн наадмаар гэнэт ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ цочтол эдийн засаг ярьсан. Уг нь энэ Засгийн хамгийн сайн ажиллаж байгаа хамт олон нь Сангийн яам хийгээд Хууль зүй, дотоод хэргийн яам юм шүү дээ. Зарим зүйлийг ярихаа азнаад мэргэжлийн хамт олонд нь үлдээчих нь ухаалаг улстөрчдөд байдаг л чанар юм.
Уг нь тэр азтай Ерөнхий сайд. БНСУ-аас гадаад айлчлалын гараагаа эхэлж, БНХАУ-д удаах айлчлалаа хийснийхээ дараахан Цагаан ордонд уригдчихаад байгаа. Өмнө нь нэг хойшилсон. Шалтгаан нь АНУ-ын Мянганы Сорилтын сантай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд Монголын Засгийн газар бэлэн бус байсантай холбоотой гэдэг. Энэ удаад амжилттай айлчилж “хөнжил бэлэглэж” хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, алдарт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаа олоод ирсэн. Харин айлчлалын үеэрээ “сельфи хийсэн”, Д.Трампад “дөхөж” зурагаа авахуулж дүрсгүйтсэн хэмээн гоочлуулаад авсан нь цаашид айлчлахдаа бодууштай.
Түүнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд үг хэлэх завшаан олдож чуулганы индрээс “Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм” гээд дүгнэчихнэ билээ. Юу гэсэн ч үг юм, яах гээд ч байгаа юм. Тэгснээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ” гэснээ хөрөнгө оруулагчдыг урин дуудсаар...Түүнийг томилох асуудлыг хэлэлцэж байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр АН-ын бүлгийн гишүүн З.Нарантуяа “Та гадаад худалдааны маш сайн нөхцөлд Засгийн газраа тэргүүлэх гэж байгаа шүү. Тиймээс эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай” гэж захиж билээ. Харин одоо яг гадаад худалдааны тэнцлээс болоод тас савуулчихаад сууж байна.
Ихэд чимээгүй тэссэн ч төрийн албан хаагчдын, багш, сувилагч, эмч нарын цалинг нэмэхэд зовлон тоочихоос өөр арга байгаагүй ч танхимынх нь мэргэжлийн цөөнхийн нэг Сангийн сайдынхаа араар нуугдаж нүүр тахалсан.
Нэг иймэрхүү нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ой тэмдэглэх сайхаан. Оргилуун дарс буудаад л оноогоо алдаанаасаа давуулж яриад л. Тэгээд ч одоогийн статистик “асуудалтай”. АН-аас МАН-д төрийн данс шилжихэд “тоог инээлгэдэг” хойно нам дотроо Засаг солилцоход харин ч нэг хамаа намаагүй өөрчилсөн нь ойлгомжтой. Харин дараа жилийн өдийд ямар байх бол гэж У.Хүрэлсүхийн Засгийн газрын алсын харааг нарийвчлах гэхээр УИХ-ын 2020 оны сонгууль бодогдоод, нам дотроо харилцан хариуцлага тооцолцсоор өс хонзонгийн үр тарьж, тэр нь өндөөр ургачих вий гэх эмзэглэл төрнө. Нялхсын зулай шиг нимгэхээн түүхтэй, нярай балчир нэг насных нь ойн мэндийг У.Хүрэлсүхийн танхимынханд хүргэж амжилт хүсье дээ!
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (7)