Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” авлигал, албан тушаалын зэрэг томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг өнгөрсөн 7 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байгаа билээ. Энэхүү асуудлаар парламентын анхны гишүүний нэг, Хууль зүйн сайд асан, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж явсан, өдгөө Монгол Улсын шадар сайдын зөвлөх Л.Цогийн байр суурийг сонирхлоо.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулган зарлах тухай асуудалд та хөндлөгөөс ажиглаж буй байр сууриа илэрхийлнэ үү?
-Ээлжит бус чуулган зарлах шаардлага байж болох зүйл. Гэхдээ энэ удаад ээлжит бус чуулган зарласан асуудлыг сайтар судалж үзвэл маргаантай зүйлүүд бас байна. Ээлжит бус чуулганыг зарлах болсон шалтгаан нь олон асуудлыг хэлэлцсэнгүй, асуудлыг шийдвэрлэхгүй хойш нь тавьж буй гэх. Яг мөн чанартаа нэг л асуудал байгаа юм байна шүү дээ. Авлигалтай тэмцэх газрын даргыг солих тухай асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд заавал ч үгүй ээлжит бус чуулганыг зарлах шаардлагагүй гэж харж байна.
-Ээлжит бус чуулганыг ямар тохиолдолд зарлах ёстой вэ?
-Ээлжит бус чуулганыг зарлах шалтгаанууд байдаг. Улс орны хэмжээнд гарсан онцгой байдлын тохиолдолд зарладаг. Тухайлбал, үеэр усны гамшиг, улсын төсөв хэлэлцэх, “7-р сарын 1” шиг олон нийтийг хамарсан үймээн зэрэг асуудлуудад шийдвэр гаргахад гарцаагүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулна. Харин нэг хүний томилгооны асуудлаар ээлжит бус чуулганыг зарлах нь утгагүй. Удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Тэр үед энэ асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой. Харин өнөөгийн байдалд анзаарагдаж байгаа зүйл бол улс төржсөн, олон нийт, нийгмийн дунд шуугиан тарьсан асуудал болж байна.
-Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах хуулийн ямар үндэслэл байна вэ?
-Нийгэмд эмзэг тусч, болгоомжлол төрүүлсэн асуудал учир ээлжит бус чуулганыг зарлахын тулд юуны түрүүнд хууль эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Авлигалтай тэмцэх газрын даргын алба Монгол Улсын хуулиар хамгаалагдсан. Тэгэхээр тухайн албыг хашиж байгаа хүн гарцаагүй хууль зөрчсөн нөхцөлд энэ асуудлыг ярьж, хөндөх ёстой. Ийм тохиолдолд биш бол заавал ээлжит бус чуулган зарлаж асуудлыг хэлэлцэх нь зүй бус юм.
Б.Номин
Сэтгэгдэл (15)