-Наадмын өмнөхөн хяналтын хорооны нэгдсэн сургалт семинар болсон. Энэ хурлаар ямар асуудлыг авч хэлэлцсэн бэ?
-Хяналтын хорооны нэгдсэн сургалт семинарын үед манай намын гишүүд, дэмжигчдээс, хяналтын хорооны гишүүдээр дамжуулж хэд хэдэн асуудал дээр онцгой анхаарал хандуулах, санал шүүмжлэл гарч байсан юм. Тухайлбал, Намын боловсон хүчний бодлого алдагдаж, тохиолдлын шинжтэй хүмүүс тодорхой ажил албан тушаал дээр томлигдсоноос намын нэр хүндэд тодорхой хэмжээгээр сэв суулгаж, нэр хүндэд нөлөөлж байна. Намын боловсон хүчний асуудал дээрээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн асуудал яригдсан.
Хоёрдугаарт, сүүлийн хоёр сонгууль дамнаж яригдсан 60 тэрбумын асуудалд манай намын зарим гишүүд нэр холбогдсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ асуудал дээр манай намын гишүүд, дэмжигчид эмзэглэж байгаа. Энэ асуудлыг нэг тийш нь болгохыг нэр бүхий гишүүдээс шаардаж байгаа.
Гуравдугаарт, Тодорхой нэр бүхий ажилтан албан тушаалтнуудаас оффшор данст нэр холбогдсон. Энд үнэхээр манай намын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд холбоотой үгүйг зохих хууль хяналтын байгууллага шалгах. Хэрвээ ямар нэгэн асуудлыг байхгүй бол энэ хүмүүс ямар нэгэн байдлаар холбогдолгүй юм байна гэж ил тод зарлах,
Түүнчлэн нийгэмд шударга ёсыг тогтооход манай намын гишүүдийн манлайллыг дээшлүүлж намын нэр төр, гишүүдийн алдар хүндэд анхаарах. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим нэгэн гүтгэлэг дайралтаас намын байгууллагууд тухайлбал намын хяналтын ерөнхий хороо анхааралдаа авах зэрэг нийтлэг үндсэн асуудлуудаар санал шүүмжлэл нэлээн өргөн гарсан.
-Сургалт семинарын үед намын удирдлагууд оролцож өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн гэсэн. Үүнтэй холбогдуулаад МАН-ын хяналтын ерөнхий хороо тодорхой хэдэн зүйлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсноо мэдэгдсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Нэгдүгээрт, Намын гишүүд хамт олноос гаргасан санал шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, нэн ялангуяа гишүүдийнхээ сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр намын дүрмийн дагуу намын удирдлагууддаа нэлээн хатуу шаардлага тавьж ажиллана гэж бодож байна. Ялангуяа УИХ дахь намын бүлгийн дотоод эв нэгдэл зохион байгуулалтыг бэхжүүлэх тал дээр өөрийн намын гишүүддээ өндөр шаардлага тавьж ажиллана.
Хоёрдугаарт, Намын удирдах зөвлөлөөр удахгүй хуралдах байх. Энэ хурлаар гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр тодорхой санал санаачлагатай ажиллахыг намын удирдлагууддаа хатуу шаардлага тавина. Түүнчлэн нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хурлаа зарлан хуралдуулж чадахгүй явж байгаа энэ асуудал дээр намын хяналтын ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж байгаа. Нэн ялангуяа манай нам Нийслэлд сонгуулийн үед онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байдаг. Иймээс одооноос энэ асуудал дээр онцгой анхааралч Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдэд тодорхой шаардлага тавина.
Ер нь бол намын анхан шатны үүр хороодын идэвх нэлээн суларсан байна. Үүнийг идэвхжүүлэх тал дээр намын удирдлагууддаа зохих ёсны шаардлагыг тавьж ажиллах болно.
Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой улс төрийн албан тушаалтан манай намын гишүүдийн нэр хаягтай асуудлууд яригдах болсон. Энэ тал дээр намын хяналтын хороо гишүүдийн нэр хүндийг хамгаалах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр нэлээн идэвх санаачлагатай ажиллаж намын удирдлагуудад энэ чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг шаардана. Ингэж шаардахын зэрэгцээ бид үнэхээр намын нэр хүндэд сэв суулгаж байгаа хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг алдаж байгаа намын зарим нэгэн сонгуульт ажилтнуудтай ч бид хатуу хариуцлага тооцно.
Энэ ажлынхаа хүрээнд бид ирэх пүрэв гаригт намын хяналтын ерөнхий хорооны ээлжит хурлыг зарлан хуралдуулж байгаа юм. Энэ хурлаар сахилга хариуцлагын асуудал, намын удирдлагуудад тавих шаардлагын асуудлуудаа нэлээн нухацтай авч хэлэлцэж ярина. Үүнтэй холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр намын гишүүд дэмжигчдэд хандаж хэлэхэд бидний итгэлийг авч аймаг, нийслэлийн бүх түвшинд төрийн ажил албан тушаал дээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын ёс зүйтэй холбоотой, тэдний сахилга хариуцлагатай холбоотой бодитой баримттай асуудлууд байх юм бол намын хяналтын ерөнхий хороо, аймаг, нийслэлийн намын хороодод намын гишүүд энэ 2,3 хоногт маш яаралтай хүргэж өгөх шаарлагатай байгаа. Энэ асуудлыг хяналтын ерөнхий хороо анхааралдаа нухацтай авч үзэх болно.
- МАН нийгэмд шударга ёс, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр дорвитой алхам хийх байх хэмээн олон хүмүүс хүлээсээр байна?
-28 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлагууд болох намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд аймаг, нийслэлийн намын хороод намын гишүүд нягтарч ажиллах ёстой гэдгийг энд зориуд анхааруулж хэлэхийг хүсч байна. МАН бол нэг дүрэмтэй нам. Энэ дүрмийнхээ хүрээнд намынхаа үйл ажиллагааг улам идэвхжүүлж ажиллах болно гэдгийг хэлье. Магадгүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр төрийн хяналт суларсан байж болно гэвч намын хяналт сулраагүй байгаа гэдгийг намынхаа хамт олон, гишүүддээ энд зориуд цохон тэмдэглэе гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад намын төв байранд зургаан давхарт хяналтын ерөнхий хорооны ажилтнууд маань намын гишүүд, намын тодорхой албан тушаалтнуудтай холбоотойгоор баталгаатай баримттай сахилга хариуцлага алдсан мэдээ мэдээллийг нэр хаяг устай нь хүлээж авч байгаа.
-Л.Оюун-Эрдэнэ болон бусад гишүүдийн талаар авилгатай тэмцэх газраас өргөдөл гаргаад байгаа энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Бид намын дүрмийн хүрээнд л намынхаа гишүүдтэйгээ ярина. Төрийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагуудаар яригдаж байгаа зүйлс нь төрийн ажил. Явагддаг замаараа явна.
Харин 60 тэрбумтай холбоотой асуудалд бол энд нэр холбогдсон хүмүүс өөрсдийнхөө байр суурийг намын гишүүдээрээ дамжуулж нийт ард түмэндээ танилцуулж, үнэн бол үнэн худлаа бол худлаа гэдгээ ил тод хэлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг нэр холбогдсон хүмүүстээ бид намын хяналтын ерөнхий хороо, ёс зүйн хорооноос хүргүүлсэн байгаа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (8)