"Гэрээт малчин, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих", "Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих" зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэх тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэвлэлийн бага хурал хийлээ.
“Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Их дээд сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 12 дугаар анги төгссөн залуучуудын ур чадварт түшиглэн ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай гурав хүртэлх сая төгрөг байсныг нь таван сая болгож, хоёр жилийн хугацаатай байсныг нь гурван жил болгон, санхүүгийн тусламжийг үзүүлэхээр болжээ. Тус таван сая төгрөгийг гурван жилийн хугацаанд хүүгүй олгох юм.
Харин “Гэрээт малчин гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Малжуулах төсөлд хамрагдаж байгаа малчдын насыг 35 хүртэлх байсныг болиулж, 45 нас хүртэл сунгаж өгч байгаа аж. Мөн гэр бүлээр нь гэрээт малчин хөтөлбөрт хамруулах бөгөөд, энэ нь хотын нягтаршил, шилжилт хөдөлгөөн зэрэгт үр нөлөөгөө өгнө гэж үзэж байгаа юм байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Дээрх туршилтын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкнуудаар хөдөлмөрийг дэмжих төслийн хүрээнд олгож байгаа жижиг зээлийн эх үүсвэрийг байршуулж, шаардлагатай иргэдэд олгоно. Хоёр дахь асуудал нь ажилгүй байгаа иргэдийг хөдөлмөрчдийн албадаар дамжуулан 100 хувь ажлын байранд зуучилж, ажилтай болгоно гэдэг асуудал жаахан хүндрэлтэй байна.
Ялангуяа сумын төвшинд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нь бага байна. Нөгөө талаас сумын төвд бизнес эрхлэгчид нэмэгдэж, түүнийг дагасан ажлын байрнууд бага байна. Тиймээс бид өөртөө байгаа ур чадвартаа түшиглэж, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нь олгох зорилгыг тавьж байна. Мөн малжуулах төсөлд хамрагдсан малчдын насыг нэмэгдүүлж өгсөн байгаа ” гэсэн юм.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (4)