Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, худалдааг хөнгөвчлөх, мөн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдол бүхий авто замын шинэчлэлтийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк нарын төлөөлөл гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замын чиглэлд шинэчлэлт хийх юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Зам дагаж хөгжил ирдэг учир Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замуудыг шинэчилэхээр боллоо. Дээрх чиглэлийн замууд хэрхэн муудсаныг бүгд мэдэж байгаа” хэмээн ярьсан юм.
Мөн авто замын ажил хэрхэн явагдах хийгээд холбогдох бусад мэдээллүүдийг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Дарханы зам нарийхан учраас осол их гардаг гэж ярьдаг. Замын өргөтгөл шинэчлэлийн ажил явагдана гэлээ. Хэчнээн метр нэмж өргөтгөх вэ?
-Бидэнд дээрх яриад байгаа замуудыг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Осол их гардаг есөн хар цэгүүдийг тодорхойлсон. Энэ хүрээнд барилгын зургийг захиалж хийлгэхдээ тодорхой хэмжээний даалгавруудыг өгөх ёстой. Мөн өргөжүүлэх, шинэчлэх, огцом эргэлттэй хар цэгүүдийг засаж залруулах зэрэг ажлуудыг өгнө. Мэдээж бүх замуудыг засахаас гадна өргөжүүлэх, шинэчлэх гол ажлыг гүйцэтгэх юм.
-Замын чанарын шаардлагад хэр анхаарч байна вэ?
-Энэ нь зургийн явцад тодорхой болох юм. Хаана нь өөрчлөлт хийх, хаана суурийг нь шинэчлэх зэрэг асуудал гарч ирнэ. Мөн чанар, зам засварын хувьд ямар асуудал гарч ирэх гээд эдгээр асуудлууд зургийн явцад гарна. Түүнчлэн чанарын асуудалд Азийн Хөгжлийн банкнаас давхар хяналт тавьж ажиллах юм.
-Авто зам барих тендер явагдсан уу?
-Тендерийг Азийн хөгжлийн банкны шаардлагын хүрээнд Зам тээврийн яамнаас бариулна.
-Авто зам барих уг зээлийн төсөл нь хугацааны хувьд ямар байх вэ?
-Азийн Хөгжлийн банктай 60 сая долларын Авто замын өргөтгөл шинэчлэлийн төслийг тодорхой хэмжээний хугацаагаар оруулж ирсэн. Энэ хүрээнд Азийн Хөгжлийн банкны “Ердийн зээл”-ийн ангилалд багтдаг. Долоон жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүнээс хойш 20 жилийн хугацаатай төлөх юм. Ингээд нийтдээ 27 жилийн хугацаатай гэсэн үг.
-Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн хэчнээн км замыг засаж, шинэчлэхээр байна?
-Үүнд нийт 310 км замыг шинэчлэн өргөтгөх, засаж ажиллах юм.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (3)