Хаврын чуулган өчигдөр хаалтаа хийхээсээ өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын өргөн барьсан хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж баталсан нь энэ. Ингэснээр УИХ-ын намрын чуулган шинэ дэгээр хуралдахаар болж байна. Нэмэлт, өөрчлөлт оруулсан дэгийн тухай хууль ердийн журмаар хэрэгжиж ирэх намрын чуулган шинэ дэгээр хуралдахаар болж байна. Харин уг хуульд багтсан УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр авах тухай заалтыг нь 2019 оны дөрөвдүгээр сарын 5-наас буюу дараа жилийн хаврын чуулганаас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо. Учир нь, үүнд шаардлагатай техник, технологийн шийдлүүдэд зарцуулах төсвийг ирэх оны төсөвт суулгаж байж хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгаа юм. УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр нь авдаг болсоноор бусдын өмнөөс санал өгч кноп нь дарах байдал арилна.
Уг хуулийг санаачлагч С.Бямбацогт гишүүн "Дэгийн хууль батлагдлаа. Өнөөдрөөс эхлэн гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл боллоо. Бусдын өмнөөс санал өгөх замаар гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болов. Гэхдээ УИХ-ын гишүүний хариуцлагатай холбоотой зарим заалтууд хасагдсанд харамсч байна. Дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалт дэмжигдсэнгүй. Хуралдаа суудаггүй тасладаг, хугацаандаа ирэлгүй хоцордог гишүүнийг эргүүлэн татах заалтыг хассан нь ухралт боллоо. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн хэлэлцэх дэгтэй холбоотой заалтууд бүхэлдээ хасагдлаа. Төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ-д, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөнд харамсч байна. Уг нь хуулийн төсөлд "Санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болно" гэж заасан байсан юм. Энэ нь монгол төрийн дархлаа, чадамжид, төрийн албыг хүнд сурталтан, ажил оромдогчидоос ангид байлгахад хэрэгтэй байлаа. Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Гэхдээ гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахиад илүү чангатгах, дэг шиг дэгтэй болох зарим асуудлууд хэлэлцүүлгийн явцад хасагджээ. Дахиад л хуулиа сайжруулахын төлөө ажиллъя даа" хэмээн байр сууриа илэрхийллээ.