МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.
-МАХН-ын БНМУ-ын Дээд хуулийн төслийг Монгол бичигт хөрвүүлжээ. Ер нь бол УИХ дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа л даа?
-Ор нэрийн төдий хуультай байна гэдэг бүр хуулгүйгээс долоон дор. Энэ одоо байгаа Үндсэн хуулийг сайн хүмүүс хийсэн байх аа. Би ерөөсөө шүүмжлэх гээгүй. Гэхдээ цаг үеийн хувьд бодоод үз дээ. 27 жилийн өмнө энэ хуулийг хийж байхад хогийн толгой дээр хот байгуулагдана гэж бодоогүй шүү дээ. 27 жилийн өмнө энэ хуулийг хийж байхад Монголын ард түмнийг тэжээдэг “саалийн үнээ”-г 27 настай хүүхэд авна гэж бодоогүй. 27 жилийн өмнө өнөөдрийн энэ хуулийг хийж байхад 17 тэрбум ам.долларыг оффшор дансандаа шилийн сайн хулгайч нар гадаадад аваачиж хийнэ гэж төсөөлөөгүй. Энэ байгаа хуулийн чинь бүтээл нь, энэ.
-Тэгвэл танай намын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл юугаараа ялгаатай юм бэ?
-Үндсэн хууль яах гэж байдаг юм бэ гэвэл дарга нарыг хулгай хийвэл шийтгэх гэж байдаг юм. Эрүүгийн хууль, Захиргааны хууль болон иргэний хуулиуд бол иргэн хүн буруу юм хийвэл хариуцлага тооцох гэж байдаг. Үндсэн хууль иргэнд ямар ч хамаагүй. Иргэн зөвхөн гомдол гаргаж болно. Харин Үндсэн хууль дарга нарт л халгаатай байх ёстой. Манай одоо хэрэглэж байгаа Үндсэн хууль бол дарга нарыг хаацайлдаг, хамгаалдаг, хулгайч нарыг дархан хулгай хийх баталгаа нь болдог болчихоод байна. Очоод тэр УИХ дээр яригдаж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар АН, МАН-ынхнаас асуу л даа. “Сайд дарга нар өнөөдрийнх шигээ хулгай хийсээр байвал та нарын ярьж байгаа наад хуулиар чинь яаж шийтгэх юм, яаж зогсоох юм” гээд асуу. “Тэр заалт байхгүй ээ” гэвэл энэ хуулийг та нар үтэр түргэн өшиглөж хая. Манай намын санал болгож байгаа БНМУ-ын Дээд хуульд бол байгаа. Хулгай хийгээд байгаа сайд, дарга нарыг шүүх ёстой шүүгчдээ ард түмнээс сонгоё л гэж байгаа юм.
-Хууль санаачлах эрх нь УИХ-даа байдаг биш юм уу. Та нар боловсруулсан төслөө яаж батлуулах юм бэ?
-Мэдлэггүй дор боол гэж энийг хэлж байгаа юм шүү дээ. Манайханд мэдлэг дутаж байна. Ард түмэнд мэдлэг дутаж байгаа. Би сая Үндсэн хууль яг юунд зориулагдсан бэ гэдгийг хэллээ. Үндсэн хууль анх яаж бий болсон бэ гэвэл либерти гэдэг ойлголтоос үүссэн. Үүнийг хүмүүс эрх чөлөө гэж боддог нь хамгийн том алдаа. Эрх чөлөөг боомилох гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл, хаад ноёдын эрх чөлөөг боомилох гэдгээр анх гарсан ойлголт. Францын хувьсгал бол хаадын эрх чөлөөг боомильё гэж гарсан хувьсгал. Тэгэхээр бидний итгэлийг хүлээж аваад бидний төсвийг зарцуулж байгаа дарга нар даварч хулгай хийх юм бол тэдний эрх чөлөөг боомильё гэсэн утгаар Үндсэн хууль анх гарчээ. Иргэдийн эрх чөлөөг боомилох гэж Эрүүгийн хууль гардаг шиг. Одоо гол юмаа ярья. Үндсэн хуулийг УИХ-ын гишүүд хэлэлцдэггүй юм шүү. УИХ-ын гишүүд үг дуугүй соёрхон баталдаг, хэлбэржүүлдэг. Өөрт нь хариуцлага тооцох гэж байгаа хуулийг тэд хэлэлцэх ёсгүй. Үндсэн хуулийг ганцхан нийт ард түмний санал асуулгаар 50 дээш хувийн дэмжлэг авсан бол шууд соёрхон батална гэж байгаа шүү дээ. Ялгааг нь харав уу. Иргэдээ шийтгэх Эрүүгийн хуулийг ард түмэнтэй хэлэлцэхгүйгээр 76 шууд хэлэлцэж баталдаг. Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлэхгүйгэээр батална гэвэл болохгүй.
-Сонгуулийн 60 тэрбум төгрөгийн асуудал бий. Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад яригдаж л байсан зүйл. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд өөрсдөө үүнийгээ цэгцлэх хэрэгтэй гээд нийтийн сонсгол явуулах гээд гарын үсэг зурсан байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “М.Энхболд даргыг энэ асуудалд хариуцлага хүлээж огцрохоос нааш чуулганд суухгүй” гээд мэдэгдчихлээ. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Живх улстөрч хоёрт нэгхэн л ижилхэн юм байдаг. Муудсан бол шууд соль.
-Гэхдээ 60 тэрбумын асуудлыг хууль, хүчний байгууллагаас нотлогдоогүй шүү дээ. Эвлүүлэг эсвэл зүгээр л нэг бичлэг гэдэг маягаар хаацайлсаар ирлээ?
-Энэ бол шүүх, цагдаагийн асуудал. Шүүх, цагдаа нар өнөөдрөөс эхлээд хам хэрэгтэн байхаа боль.
-Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг УИХ-аас байгуулагдаад байгаа. Түүнд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ч нэлээд багтсан байна лээ. Бас УИХ-ын 15 гишүүн лобби бүлэг байгуулаад байгаа. Та Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн хүний хувьд ямар хүлээлттэй байна вэ?
-Оюутолгой дээр Монголын ард түмэн ялах нь гарцаагүй. Ядаж манай шүүх, цагдаа, хүчний байгууллагууд Швейцарын прокуророос ичих ёстой. Хангалттай баримт байгаа. Гэрээг өөрчилж, сайжруулахгүй л бол Монгол өрнөөс гарахгүй. Тэгэхээр “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” юм. Монгол оронд, ялангуяа уул уурхайн салбарт хэдэн гэр бүлүүд идэж эх орныг минь үгүйрүүлж, ган гачиг болж байна. Гэхдээ бороо орохдоо л орно, ногоо ургахдаа л ургана.
-Та Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх үү?
-МАХН ялна.
Ж.ЭНХСАЙХАН
Сэтгэгдэл (20)