УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2018.06.11/-ний өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний байр суурийг хүргэж байна.
Д.Оюунхорол: Монголын төр айлын эрх хүүхдүүдийн тоглодог газар биш. Хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг Монголын парламент дэмжсэн шийдвэр гаргасан нь ард түмнийг доромжилсноос өөрцгүй гэж үзэж байна. Үүнийг МАН, АН-аас сонгодсон эмэгтэй гишүүд олонхиороо эсэргүүцсэн. Монголын төр шударга ёсны төлөө шийдвэртэй тэмцэх ёстой. Хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг болон хууль бус аливаа үйлдэлтэй эмэгтэй гишүүд тууштай тэмцэнэ.
Ц.Цогзолмаа: Дэлхийн улс орнууд 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна. Үүнд жендэрийн тэгш байдлыг хангах асуудал чухал байр суурь эзэлж байгаа. Зарим орон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог 2030 он гэхэд 50/50 болгоно гэж ярьж байгаа. Өнөөдөр 76 гишүүнтэй парламентад 13 эмэгтэй гишүүн 17.6 хувийг эзэлж байгаа. Эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг асуудлыг бид ярьсан. Гэхдээ эмэгтэй гишүүд хэтэрхий цөөдөж байгааг мэдэрсэн. Гэсэн хэдий ч олон мянган эмэгтэйчүүд биднийг дэмжиж байгаа учраас тэдний дуу хоолой болж ажиллана.
Б.Саранчимэг: Хүчирхийллийн эсрэг цаашдаа дуу хоолойгоо хүргэсээр байх болно. УИХ гишүүн, төрийн албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйтэй, хариуцлагатай, нэр цэвэр байх ёстой. Тиймээс эмэгтэй гишүүд бид цаашдаа ч шударга ёс, үнэний төлөө ажиллана.
Н.Оюундарь: Хүний олноор асуудал шийддэггүй гэдгийн жишээ энэ боллоо. Анхнаасаа хүчирхийллийн эсрэг байр сууриндаа баттай зогссон 11 эмэгтэй гишүүндээ талархаж байна. Аливаа улс төрийн, шударга ёсны төлөө явж байгаа тэмцэл ялдаг юм байна. Эмэгтэй гишүүдийн хийсэн тэмцлийн үр дүнгээр УИХ-ын гишүүн Д.Гантулга сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.
М.Билэгт: Хууль бус үйлдлийг парламентаараа хамгаалж үлдэх гэж оролдох нь ёсзүйгүй үйлдэл. УИХ-ын чуулганы санал хураалтаас харахад парламентын гишүүдийн олонхи нь шүүх, прокурорт итгэхгүй, хэлмэгдүүлэхвий гэсэн болгоомжлолтой байна. Хэрэв парламент нь өөрөө прокурор, шүүхэд итгэхгүй бол жирийн ард түмэн яаж итгэх юм бэ.
А.Ундраа: Цахим ертөнцөөр явж байгаа зарим мэдээллээр УИХ-ын чуулган дээр санал өгсөн байдлыг нууцаар санал өгсөн тогтоолыг албажуулж, өгсөн саналыг нь дэмжсэн, дэмжээгүй юм шиг иргэдийг төөрөлдүүлж байна. Ардчилсан системээр бүгд нууцаар санал хурааж, дүнгээ гаргасан тохиолдолд гаргасан шийдвэрээ баталгаажуулж байгаа явдал юм.
Б.Ундармаа: Эмэгтэй гишүүд анхнаасаа энэ асуудал дээр охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалж, тэдний талд баттай зогсч байсан. Энэ байр сууриндаа цаашдаа ч баттай зогсоно.
Сэтгэгдэл (2)