Хөдөлмөрийн Үндэсний Нам(ХҮН)-аас Монгол Улс ШХАБ-д элсэх тухай сүүлийн үед эрчимтэй ярьж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж уриалга гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эвлэлдэн нэгдсэн бид Монгол Улсын алс ирээдүйн хөгжил, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, эв нэгдлийг эрхэмлэн төр засаг, нам, улс төрийн хүчнүүд, нийт Монголчууддаа хандан уриалга гаргаж байна.
Монгол Улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад, тэр дундаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д нэгдэн үүрэг хүлээж, бусад улсуудтай хамтран ажиллах нь нээлтэй билээ. Гэсэн хэдий ч ШХАБ-д элсэх эсэх тухай асуудал иргэдийн анхаарлыг татаж, буруу зөрүү мэдээлэл тархан төөрөгдүүлж, нийгэмд талцал үүсгэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар энэхүү чухал асуудлыг онцгойлон анхаарч, олон талаас нь харгалзан, тулхтай шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.
Иймээс, ШХАБ-д элсэхтэй холбоотой асуудлыг нэмж судлах, Монгол Төрийн зүгээс иргэддээ ШХАБ-д элссэнээр Монгол Улсын бие даасан гадаад бодлого, олон улсын нэр хүндэд ямар давуу болон сөрөг тал бий болох, эдийн засаг, хөрөнгө оруулалтын яг ямар нөхцөл, боломж, давуу тал үүсэх, элсэхгүй бол ямар боломж хаагдах гээд байгаа талаар тодорхой мэдээлэл өгч, ойлголтын зөрүү, маргаангүй шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна.
Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-ын зүгээс ШХАБ-ын зорилго, сайн мууг шинжлэн дүгнэх, асуудлын шийдлийг чиглүүлэх, Монгол Улсын гадаад бодлогыг шүүн хэлэлцэх зорилгогүй. Гагцхүү, энэхүү шийдвэр Монгол Улсын ирээдүйг олон жилээр тодорхойлж явах нөлөөтэй, түүхэн чухал шийдвэр тул Монгол Улсын өнөөгийн Төр засаг судалгаа, итгэл үнэмшил муутайгаар, богино хугацаанд яаран энэ шийдвэрийг гаргах ёсгүй гэж үзэж байна. Учир нь:
- Энэ шийдвэр бол нэг байгууллагад гишүүн болох төдий асуудал биш Монгол Улсын хөгжлийн бодлого, хөгжлийн арга замд шууд нөлөөлөх асуудал,
- Монголчуудын зуун зуун жилээр хүсч тэмүүлж, амиа зориулж, тэмцэж ирсэн тусгаар, бие даасан байдалд ямар нэг байдлаар тусгалаа олох, цаашид нөлөөлж болох асуудал,
- Ийм чухал асуудлыг одоо засаг барьж байгаа эрх баригчид, цөөн улс төрчид иргэдээсээ мэдээлэл нуун, хаалтай хуралдаанаар шийдвэр гаргах нь цаашид Монголчуудын дунд үл итгэлцэл, хардалт, хагарал үүсгэж, олон жил үргэлжилж болох хортой үр дагавартай, үндэсний эв нэгдэлд харш үйлдэл,
- Улс орны ирээдүйн олон арван жилийн өнгийг тодорхойлох чухал асуудлыг өнөөгийн дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон, ард олны дунд нэр хүнд нь илт унасан намууд, улс төрчдөөр шийдүүлэх, итгэл хүлээлгэх боломжгүй онц чухал асуудал.
Дээр дурдсан нөхцөл байдал, хүчин зүйлсийг үндэслэн, улс орны хойч ирээдүй, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 16-д зааснаар ШХАБ-д элсэх эсэх тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж, эцэслэн шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан уриалж байна. Энэхүү уриалгыг дэмжиж, Монголчууд нэгэн тал болж эх орныхоо ирээдүйн хөгжил, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллахыг, нам, улс төрийн хүчнүүд, эх нутаг болон гадаадад оршин суугаа нийт Монголчууддаа уриалж байна.
Сэтгэгдэл (19)