БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн Давос” гэж нэрлэгддэг “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцон үг хэлжээ.
Тэрээр Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орны нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдсан байна. Боаогийн чуулга уулзалт бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал суваг гэж үздэгийг ч онцолжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаагаа илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэжээ.
БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ ч мөн илэрхийлсэн байна. Монгол Улс өөрийн “Хөгжлийн зам” хөтөлбөрийг энэ санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар идэвхтэй ажиллаж байна гэжээ.
Боаогийн энэ удаагийн чуулга уулзалт “Илүү хөгжин цэцэглэсэн дэлхийн төлөөх нээлттэй, инновацийг хөгжүүлэгч Ази тив” сэдвийн дор болж байна. Чуулга уулзалтад улс төрчид, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байгаа ажээ. БНХАУ эдийн засгийн энэ чуулга уулзалтыг Хайнань арлын Боао хотноо 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм байна.
Д.Түвшин