УИХ-ын гишүүн Д.Гантулгын төрийн түшээгийн бүрэн эрхээс түдгэлзэх саналыг парламент хэлэлцэж чадахгүй гацаанд орчихлоо. МАН-ын бүлгийнхэн үүнийг УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалт алга, ҮХЦ хүчингүй болгосон учир шийдэж болохгүй тул хуулийн мухардал гэж нэрлэж байгаа. Харин АН хууль мухардах ёсгүй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэгвэл шийдэхийн тулд зайлшгүй УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болж, хуулийн мухар гудамнаас гарах шаардлага үүсэв.
Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Гүйцэтгэх засаглалын зүгээс саналаа ирүүлсний дараа асуудлыг дахин авч үзэх нь. Гэхдээ хэр хугацааны дараа вэ гэдэг таамаг хэвээр байна. Магадгүй бүх зүйл ойлгомжтой учир налайн суулгүй урагш харвал, шуурхай шийдэх боломж бүрдэнэ.