"Тогтвортой хөгжлийн зорилт-2030" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулга тавьсан юм. Тэд асуулгадаа дээрх хөгжлийн бодлого аль ч нам эвсэл засгийн эрхэнд гарсан төрийн бодлогын залгамж чанарыг заавал хадгалах хуульчилсан баримт бичиг болохыг дурдаад хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгааг тодруулсан юм. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан Монгол Улсын хөгжлийн үндсэн зорилт болох эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар асуусан. Мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоо бий болсон эсэх, хэрэгжилтийн явцад аль байгууллага хэрхэн хяналт тавьж, ямар дүн шинжилгээ хийж байгаа талаар тодорхой хариулт өгөхийг хүссэн.
Үүний дагуу Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлж олон тулгууртай болгох зорилтын хүрээнд Дорноговь аймагт жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэт хотод 100 мянган тонн ган арматур үйлдвэрлэх хүчин чадалтай ган төмөрлөгийн үйлдвэр, Дарханд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн, арматур, төмөр утас, ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай Дарханы металлургийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгааг танилцуулжээ. Мөн "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөрийн хүрээнд импортыг орлох, экспортын чиг баримжаатай 100 үйлдвэрийг 21 аймагт байуулах зорилт тавьж байгааг тодотгосон байна. Монгол Улсын "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ийн хүрээнд 2020 он хүртэлх эхний үе шатны зорилтыг хэрэгжүүлэх "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" баталсан болохыг ч Засгийн газраас ирүүлсэн хариунд дурдсан байна.
Сэтгэгдэл (1)