Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа айлчлал өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ хугацаанд БНХАУ-Монголын хооронд 11 баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулссан талаар Бээжингээс мэдээлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кечян албан ёсоор угтан авсны дараа дээрх гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зуран баталгаажуулжээ. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөхий сайд Ли Көчян “Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл авчирна хэмээн найдаж байна” гэж тэмдэглэжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дагалдан Засгийн газрын долоон сайд, долоон УИХ-ын гишүүн БНХАУ-д айлчилж байгаа бөгөөд айлчлал албан ёсоор үргэлжилж байгаа юм. Өнөөдөр болсон хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээний үр дүнд Улаанбаатарын Төв Цэвэрлэх байгууламжийг сайжруулах төсөл, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Боловсрол солилцооны хөтөлбөр зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Эдгээр 11 баримт бичгийг дурдвал:
1.Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр
2.Монгол-БНХАУ-ын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах явцыг түргэтгэх тухай Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
3.БНХАУ-ын Засгийн газраас олгох 2 тэрбум юаны буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
4.Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
5.Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, БНХАУ-ыг төлөөлж Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
6.Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын Удирдах хороо хооронд жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
7.Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
8.Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
9.Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын Ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
10.“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал
11.”Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэгт гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдан БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлал ихээхэн ажил хэрэгч байдалд амжилттай үргэлжилж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (4)