Сүүлийн жилүүдэд олны анхаарал татаж байсан олон асуудлын учиг тайлагдаж, тэр бүхэнд ямар нэгэн хэмжээгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр холбогдох боллоо. Эрдэнэтийн 49 хувийн хууль бус худалдан авалтыг голлон зохион байгуулсан нь бараг нотлогдож дуусаагүй байхад 51 хувьд хамааралтай гэх Стандарт банкны 109 сая ам.долларын зээлийн асуудалд түүний нэр дуулдах боллоо. Тэрээр Лондонгийн шүүхэд Стандарт банкны зээлийн асуудлыг хэлэлцэхэд нотлох баримтыг гаргуулж өгөлгүй гол саад тээг болсноос Монгол Улсыг их хэмжээний өрөнд оруулсан гэж Жастын Ш.Батхүү шоронгоос бичсэн захидалдаа бараг нэр цохоод дурдчихлаа.
Захидал гэснээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь улс төрийн гол өрсөлдөгч Н.Энхбаярыг бас дахин унагах гэж авилгын хэрэгт холбогдсон Б.Шийлэгдамбаар гүтгэлэгийн захиа бичүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацуулж аваад, баруун сугандаа хавчуулж хууль шүүхээс бултуулж нэлээд хугацаа өнгөрөөсөн ч аргагүйн эрхэнд албан тушаалаасаа буухдаа дархан эрх ямбатайгаа хамт хадгалаад үлдэж чадаагүй билээ. С.Зоригийн хэргийг ч гэсэн шорон дотроос рецедив гэмт хэрэгтнээр захиа занаа бичүүлсээр байгаад гэмгүй хүмүүсийг хэрэгт хутгаад орхисон. Энэ бүхнийг бүгд мэдсээр байхад мэлзсээр байгаа монголын хууль хүчний байгууллагыг Олон Улсын Парламентийн Холбооны С.Зоригийн хэргийг хянах ажлын хэсгийнхэн дүгнэхдээ олигорх бүлэглэлд үйлчилж байна гэж тов тодорхой дурдаж, тогтоол шийдвэрээ манайд ирүүлсэн.
Өчигдөрхөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ээлжит мэдэгдлээ хийж авилгын алтан торыг сүлжиж Шударга бусын коридор бий болгосон Ц.Элбэгдоржийн талаар дахин мэдээлэл хийлээ. Хууль хүчний байгууллагуудыг өөрийн гарын хүнээр дүүргэж, өөрийнх нь ашиг сонирхлын эсрэг хандсан хэн бүхнийг хууль шүүхээр далайлган шорон гянданд хийж, өмч хөрөнгийг нь дээрэмдэж авдаг жишиг тогтоосон тухай дахин дурдлаа. Энэ талаар өнгөрсөн намар болсон ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаарх УИХ-ын нээлттэй сонсгол дээр хохирогчдын төлөөлөл олон хүн хэлж байсан. Харамсалтай нь яг энэ мэдээллийг хийж байх үед Төрийн ордонд сүлжээний хязгаарлалт хийгдсэний улмаас олон нийт тодорхой ойлголт авч чадалгүй үлдсэн билээ. Б.Хурц, Ц.Ганболд гээд түүний гар хөл бологчид хуулиас давсан эрх эдэлж хэн дуртайгаа барьж хорин зохиомол хэрэг хүлээлгэж байсан гэж Н.Алтанхуяг мэдэгдлээйна. Гэтэл Б.Хурц Элчин сайдаар аль хэдийн томилогдоод ажлаа хүлээгээд авчихсан шахуу зүйлийг Н.Алтанхуяг хэлэх шиг боллоо. Энэ үнэхээр бол хэзээ яагаад явчихав гэдэг асуудал гарч ирнэ. УИХ-ын нээлттэй сонсголын дараа Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх ёстой гээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий гишүүд хүсэлт тавьсаар байхад УИХ-ын дарга М.Энхболд зөрсөөр байгаад зэрэгцүүлэд УИХ-аар хэлэлцүүлээд томилох нь зүйтэй гээд шийдвэр гаргачихсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга батламжилж, жууж бичгийг нь гардуулж өглөө гэж сонсогдоогүй. Гэтэл хэдий завандаа ямар нүх сүвээр дамжаад тэр Элчин сайд болоод яваад өгчихөв. Энэ бол Ц.Элбэгдоржийн уурга нь урт, хуйв нь чанга хэвээр л байгаагийн шинж.
Өнөөдөр болсон УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч ч, УИХ-ын дарга ч дээр дурдсан асуудлаар огт дуугарсангүй. Харин ч бие биендээ зөөлөн бөмбөг шидэж, ард түмний бухимдал зэвүүцлийг дэвэргэж орхилоо. Энэ янзаараа бид нар МАНАН бүлэглэлийн дарангуйллаас мөддөө салж чадахгүй нь бололтой.
Зам бүхэн Ром хүрдэг гэдэг шиг, асуудал бүхэнд Ц.Элбэгдоржийн нэр орооцолдсон хэвээр л байна. Түүний хасар басар ноход нь болсон нөхдүүд хууль хяналтын байгууллагуудад шургалж, хууль, шүүхээр далайлгаж айлгасан хэвээрээ л байна.
Г.ЭНХБААТАР
Сэтгэгдэл (49)