Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, өнөөдрийн МАХН-ын дарга Н.Энхбаярын санаачилга, Ерөнхий сайд асан С.Баярын дэмжлэгтэйгээр 2008 онд Үндэсний төв номын сангийн шинэ өргөөний шав тавих ёслол сүр дуулиантайхан болсон байдаг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Кувейт улсад айлчлах үеэрээ тус улсын Засгийн газраас 20 сая ам. долларын буцалтгүй тусламж авч иирж, түүн дээр нь Монгол Улсын Засгийн газраас багахан дэмжлэг үзүүлээд “Үндэсний төв номын сан”-тай болох талаар яригдаж эхэлсэн түүхтэй. Гэвч Кувейтийн тусламж сураг алдарч, улмаар хөрөнгө мөнгө байхгүй шалтгаанаар Үндэсний төв номын сангийн барилгын ажил хойшилсоор 6 жилийн дараа барилгын ажил сая нэг юм эхлэхээр болсон байдаг. Шинэчлэлийн Засгийн газар Үндэсний номын сангийн шинэ барилга барих ажлыг дэмжин ажиллаж, 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний номын ордны шинэ цогцолбор барих” асуудлыг тусгажээ. Тиймээс номын сангийн шинэ барилгын суурь тавих ёслолыг 2014 онд дахин хийсэн байдаг. Барилгын зураг төслийг “Эгэл” ХХК, “Орхон констракшн” ХХК нь номын сангийн шинэ барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн ба барилгын ажлын гүйцэтгэгчээр “АКМИ холдинг” компани шалгарсан гэдэг. “Үндэсний төв номын сан”-гийн шинэ барилга нь нийтдээ 11 давхар бөгөөд шинэ номын сан нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлсэн, Олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж сүндэрлэхээр тооцоолсон гэдэг. Барилгын 1-3 давхарт чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын танхимууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн уншлагын танхим, интернет танхимууд байрлах ба 5-аас дээш давхарт үндсэн фондууд байрлахаар төлөвлөжээ. Энэхүү 11 давхар барилгыг 12 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн гэнэ. Засгийн газрын санхүүжилтээр энэхүү цогцолбороо хоёр жилд багтаан барьж чадвал энэ төсөв хүрэлцэнэ” гэж тухайн үеийн Үндэсний төв номын сангийн удирдлагууд ярьж байв. ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэлийн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан П.Алтангэрэл барилгын ажлын гүйцэтгэгч “АКМИ холдинг” компанитай гэрээ хийсэн байдаг. Гэрээний дагуу 2015 оны 12 сард ашиглалтад оруулахаар тусгасан боловч удаа дараалан барилгын ажлын гүйцэтгэлийг сунгах гэрээ хийгдсээр өнөөдрийг хүргэсэн байна. БСШУЯ, Барилгын хөгжлийн төвөөс удаа дараалан шаардсан ч барилга угсралтын ажлын зураг төсөл, зохих журмын дагуу гүйцэтгүүлж засах ажил дөнгөж 40 хувьтай явааг холбогдох хүмүүс тайлбарласаар байгаа юм. 2017 оны улсын төсөвт 2.3 тэрбум төгрөг тусгагдсан ч өмнөх онд хийгдсэн барилгын ажлын алдаа дутагдлыг засах ажлууд ихээхэн дутуу хийгдсэнээс болж уг барилгын “Б”, “В” блокын цутгалтын ажил дөнгөж эхлэлтийн шатанд явж байгаа аж. Гэвч нэгэнт өвөл болж барилгын ажил зогсонги байдалд орж, төмөр бетон цутгалтын ажил явуулах боломжгүй болсон тул 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл зогсоочихоод байгаа юм. Царцсан барилгын мөрөөр мөшгөхөд тендерийн шалгаруулалт оновчтой бус, гүйцэтгэгч компанийн чанар чансаа, ажлын туршлага хангалтгүй, хариуцлага хүлээх чадвар дутмаг, эргээд гүйцэтгэл дээр нь төрөөс тавих хяналт, хариуцлагын тогтолцоо илт сул байгаа тул “Үндэсний төв номын сан”-гийн ажил энэ 2018 онд ч олигтой урагшилж, энэ барилгыг хүлээж байгаа ард иргэдийн хүсэл сонирхол ч мөн л төдий хэмжээгээр хойшлох нь тодорхой болж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (1)