Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.
Тухайлбал, Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын мэдээллийг сонсов. Мэдээллийг тус комиссын дарга Д.Даваасүрэн хийхдээ, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 45 салбар комисс 32 улсад байгуулагдаж тэдгээрт ажиллах албан хаагчдад зориулсан сургалт явуулсан байна. Нийт 200 орчим хүн ийнхүү сургалтад хамрагдаж мэдээллийн санд бүртгэгдсэн, төв комисс, салбар комиссын ажлын төлөвлөгөө болон санал авах ажлыг зохион байгуулах зардлын тооцоо гаргаж батлуулан зарцуулж байгааг дурьдаад, санал авах хуудсыг хүргэх, санал өгсөн битүүмжилсэн саналын хуудсыг буцаан авч ирэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой чиглэлд явуулах хуваарийг баталсан, сонгогчдын нэрийн жагсаалт гаргасан зэргээр бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг тэрээр тэмдэглэв.
Хуульд заасан хугацаанд гадаадад байгаа иргэдийн 7378 нь сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлээд байгаа бөгөөд ийнхүү жагсаалтыг нягтлан шалгаад байгаа ажээ.
Мөн хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байна. Үндэсний олон нийтийн радио,телевиз нэр дэвшигч тус бүрт нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, 2 минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргасан байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа. Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчид дараалуулан бичигдсэн байна.
Харин саналын хуудасны тоог батлахдаа, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргав.
Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын төлөөлөл оролцож явцыг нь ажиглав.
Сэтгэгдэл (1)